Б.Баасандорж: Боловсруулсан махнаас нян илэрч байгаа нь байж боломгүй асуудал

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл сонсож, зарим арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Мах, махан төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх хоёр төрлийн зөвшөөрөл байдаг. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Дотоодод болон гадаадад мах нийлүүлэх хоёр өөр зөвшөөрөл бий. Хариуцлагыг шат шатанд нь тооцно. Эмээлт дэх махны үйлдвэрийн асуудалтай холбоотойгоор тухайн объектод шалгалт хийсэн гурван албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн. Ажлаас нь чөлөөлж, холбогдох хуулийн байгууллагад энэ хэргийг шилжүүлнэ. Шалгалт хийсэн ААН-ийн махнаас нян илэрсэн. Боловсруулсан махнаас нян илэрч байгаа нь байж боломгүй асуудал” гэсэн юм.