Хил холболтын төмөр замын “БЭТ” нь Ерөнхий сайд өөрөө байх нь!
Бүтээн байгуулалтын төслүүдэд КОЙКА-тай хамтрах талаар хэлэлцлээ
Сөүл хотод албан томилолтоор ажиллаж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-гийн ерөнхийлөгч И Юүн Ёнтай уулзлаа. Тус байгууллага нь 1995 онд Улаанбаатарт суурин төлөөлөгчийн газраа нээснээс хойш хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-КОЙКА өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, эдгээр нь нийгэмд эерэг нөлөө үзүүлж, үр дүнгээ өгсөөр буйд талархал илэрхийлье. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилтийг хангах, үр дүнд хүргэх, БНСУ-ын техник, технологийн шийдлийг нутагшуулахад хотын удирдлагууд онцгой анхаарч ажиллаж байна. Цаашид манай хотын хөгжилд хувь нэмрээ оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна хэмээлээ.
КОЙКА-гийн ерөнхийлөгч ноён И Юүн Ён:
-БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага 1991 онд байгуулагдсан. Монгол Улсад нийт 300 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэр дундаа Тогтвортой хөгжлийн 10 төслийг одоогоор хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ дадлагажуулах, чадавхжуулах сургалтуудыг тогтмол хийж, 207 монгол албан хаагчийг БНСУ-д сургаж байна хэмээлээ.
Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, эдийн засаг, бизнесийн томоохон төслүүдийн талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, хотын түгжрэлийг бууруулах хүрээнд тавих Шинэ тойрог зам, Хөнгөн галт тэрэгний бүтээн байгуулалтын талаар тэрбээр онцолж байв.
Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд гурван чиглэлд хамтарч ажиллах боломжтойг талууд онцолсон. Тухайлбал, сайн засаглалыг бэхжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх юм. Түүнчлэн Улаанбаатар хотод хийх томоохон бүтээн байгуулалтад судалгаа, ТЭЗҮ-ийн шинэчлэл, ажлын болон техникийн зураг төсөл хийх, инновацыг нутагшуулах, технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтын ажиллагаагаа чиглүүлэх талаар хэлэлцлээ.
Ташрамд, КОЙКА-гаас 2024 онд хэрэгжүүлэх төслийн саналд ерөнхий боловсролын сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “Сургуулийн бүс” төсөл эхний шатанд шалгарсан. Энэхүү төслийн хүрээнд сургуулийн эргэн тойрон дахь 300 метрийн радиус доторх замын тэмдэг, тэмдэглэгээ, замын байгууламжийг олон улсын жишигт нийцүүлэн, сургуулийн сурагчдад зориулсан тээврийн үйлчилгээний шинэ менежментийг нэвтрүүлэх юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 16 сургуулийн орчимд “Сургуулийн бүс” байгуулах талаар төсөлд тусгасан.