Шинэ гүүр ашиглалтад орсноор замын ачаалал 14.9 хувиар буурна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Яармаг, Зайсанд хийж буй гүүрийн байгууламжийн барилгын талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Тодруулбал, Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 391.5 метр, 54.8 метр болон 36.7 метр урт гурван гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Одоогоор Дунд гол дээгүүр баригдах урт төмөр бетон гүүрийн 39 ширхэг дам нуруу, завсрын тулгуурын баганыг цутгаж, завсрын хоёрдугаар тулгуурын арматурыг зангидаад буй. Мөн бэхэлгээний хавтангийн цутгалт эхэлжээ. Түүнчлэн 36.7 метр урт гүүрийн нийт 12 ширхэг дам нурууг цутгаж, 10 дам нурууны арматур хэлхээс зангидаад байна. Харин 391.5 метр урт төмөр бетон гүүрийн арванхоёрдугаар тулгуурын хуваарилах хавтанг цутгаад буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Яармагийн авто замын ачаалал, түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх бүтээн байгуулалт бол энэ гүүрийн байгууламж. Эдгээр ажлыг хугацаанд нь гүйцэтгэж дуусгах нь маш чухал. Хугацаа алдахгүй байх үүднээс тал талдаа анхаарч ажиллах ёстой. Бүтээн байгуулалтын хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг Засгийн газарт тавиад боломжит хувилбараар шийднэ. Барилга угсралт болон бусад ажилд холбогдох газрууд хяналт тавиад ажиллах хэрэгтэй хэмээлээ. Мөн гүүрийн байгууламжтай холбох авто зам, нүхэн гарцын барилгын ажлыг яаравчлахыг тэрбээр онцолж байв.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:
-Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зам, замын байгууламжийг шинэчлэх томоохон ажлуудыг гүйцэтгэсээр байна. Наадамчдын өргөн чөлөөг Эрчим хүчний гудамжтай холбох 483 метр урт гүүрийн байгууламжийн ажил үргэлжилж байна. Зургаан эгнээ, дөрвөн гонхтой (амралтын тавцан) энэ гүүрийн бүтээн байгуулалтад гурван компани оролцож байгаа. Тэд өнгөрсөн оны есдүгээр сараас ажлаа эхлүүлсэн, одоогоор гүйцэтгэл нь 55 хувьд хүрээд байна. Ирэх есдүгээр сард зорчих хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай болж, замын ачаалал 14.9 хувиар буурна хэмээсэн юм.
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд одоогоор хоёроос арваннэгдүгээр тулгуурын ажил бүрэн дуусаад буй. Мөн 24 метр урттай, хүчитгэсэн 40 дам нурууг тавьсан бөгөөд дөрвөөс аравдугаар тулгуурын дам нурууг байрлуулж байна. Харин хуучин гүүрийн хувьд инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажлын тодотгосон зураг төслийн ажил дуусаж, газрын эзэмшигчтэй зөвшилцөж эхэлжээ.
Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм.
"ЗМЗ" ХХК-ийн ерөнхий инженер Т.Баярмаа:
-Шинэ, хуучин хоёр гүүрийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл одоогоор 47 хувьтай байна. Шинэ гүүрийн ажлын явц 85 хувьтай байгаа. Дулаан, бохирын шугамын асуудал шийдэгдээд бүтээн байгуулалт саадгүй үргэлжилбэл ирэх арванхоёрдугаар сард хөдөлгөөнийг нээнэ хэмээлээ.