Б.Бат-Эрдэнэ: Ус ашиглалт байнга өсөж байна

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Тогтоолоор Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжид заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар батлав. 

Тус байнгын хороо 11 дүгээр сард “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг зөвшилцөх болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Мөн хуралдаанаар Усны нөөцийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, ундны усны эх үүсвэр, усны чанар, аюулгүй байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийсэн. 

Монгол Улсын усны нийт нөөц 564.8 км3. Үүнээс нуур, тойромд 500 км3, гол, мөрний ус 34.6 км3, мөнх цас, мөсөн хуримтлал 19.4 км3, газрын доорх ус 10.8 км3 ус тус тус байна. Нийт усны нөөцийн 10.5 км3 усыг ашиглах боломжит нөөц гэж тооцдог. Ус ашиглалтын 90 орчим хувийг газрын доорх уснаас хангадаг. 2022 оны ус ашиглалт хэрэглээг 2020, 2021 онтой харьцуулж үзэхэд байнга өсөж байна хэмээн сайд мэдээлсэн. Тэрбээр, Усалгаатай газар тариалан нийт ус ашиглалтын 25 хувийг, мал аж ахуй, 31 хувийг уул уурхай 15 хувийг, унд ахуйн хэрэглээ 14 хувийг, эрчим хүч дулаан 8 хувийг, үйлдвэр ахуйн үйлчилгээ 7 хувийг эзэлж байгаа. Газрын доорх усны хайгуул, судалгааны ажлуудыг бид үргэлжлүүлсээр байгаа. Монгол Улсын ундны усны чанарын судалгааг Монгол Улсын 21 аймаг, 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүрэг, төмөр замын дагуух 128 зөрлөг, суурины гүний худаг, төвлөрсөн шугам сүлжээний 3582 цэгээс дээж ерөнхий физик, хими, бичил элемент, цацрагийн аюулгүйн шинжилгээг 88 үзүүлэлтээр тодорхойлсон. Шинжилгээний дүнгээс харахад 1367 сорьц нь эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын стандартыг хангахгүй нь тогтоогдсон. Сорьцын 62 хувь нь унданд шууд хэрэглэх боломжтой, 4 орчим хувь нь ундны усанд хэрэглэх боломжгүй, үлдсэн 34 хувь нь нэмэлт шүүлтүүр суурилуулж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа унданд хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан гэлээ. Сайд ус ашиглалттай холбоотой гарч буй зөрчлүүд болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мөн танилцуулсан юм.