Ц.Даваасүрэн: Усны хяналт удирдлагын ухаалаг нэгдсэн системд холбох хэрэгтэй

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Усны нөөцийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, ундны усны эх үүсвэр, усны чанар, аюулгүй байдал сэдвийн хүрээнд мэдээлэл хийжээ. Тэрбээр, Хүн амыг ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх үйлчилгээ үзүүлж байгаа зөвшөөрөл бүхий 222 хуулийн этгээдэд 12088 инженер, техникийн ажилтан, ажиллагсад 24 цагийн турш тасралтгүй ажиллаж хоногт дунджаар 310.3 мянган.м3 усыг олборлон 3783 км шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд түгээж байна.

Олборлосон усыг алдагдалгүй түгээхийн тулд усны эх үүсвэрийн 94 хувийг тоолууржуулсан, нийт айл өрхийн 91.2 хувь, үйлдвэр, аж ахуйн нэгжийн 99.7 хувь нь баталгаат тоолуураар төлбөр тооцоогоо хийж байна.

Мөн усны чанар, аюулгүй байдлын хяналт, шинжилгээний 60 орчим лабораторитай үүнээс цэвэр усны 28, бохир усны 29 лаборатор ажиллаж байна гээд гэр хорооллын хүн амыг ундны усаар хангадаг 1525 ус түгээх байртай үүнээс 101 буюу 6.6 хувь нь гүний усаар, 657 буюу 43.1 хувь нь зөөврийн, 767 буюу 50.3 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдон үйлчилгээ үзүүлж байгааг дурдсан.

Сүүлийн жилүүдэд ус түгээх байранд автомат ажиллагаатай, 24 цагийн турш иргэдийг ундны усаар тасралтгүй хангах, цаг хугацаа, ажиллах хүч хэмнэсэн орчин үеийн ухаалаг тоног төхөөрөмжийг суурилуулж байна гээд тухайлбал, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Хөвсгөл аймгийн төвийн гэр хорооллын ус түгээх байруудад ухаалаг төхөөрөмж суурилуулж, иргэдэд цагийн хязгааргүй үйлчилгээ үзүүлж байна хэмээлээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумын ус түгээх байруудыг телеметрийн системд холбож, улмаар диспетчерийн хяналтын дэлгэцээр иргэдийн худалдан авч буй усны хэмжээ, усны болон орчны температур, даралт зэрэг мэдээлэл, ус авч буй тухайн цаг хугацааг тодорхойлох, иргэдийн усны хэрэглээг хянаж байгаа аж.

Улаанбаатар хотод ус хангамжийн “Хяналт удирдлагын төв” ашиглалтад орсноор насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, түвшин, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цахилгаан хангамжийн дотоод схем, ундны усны халдваргүйжүүлэлт, ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт, ухаалаг ус түгээх нэг цэгийн үйл ажиллагаа, алсын зайны хяналтын систем, нэвтрэх систем, шугам сүлжээний гэмтэл зэргийг алсаас удирдах боломжийг бүрдүүлээд байгааг сайд дурдаад мөн гэр хороололд ухаалаг ус түгээх байрыг ашиглалтад оруулснаар зөөврөөр ус түгээх зардлыг бууруулж, улмаар хүн амыг 24 цагийн турш, цагийн хязгаарлалтгүй, унд ахуйн усаар хангах болсон гэлээ. 

Тэрбээр Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй бүтээн байгуулалтын томоохон төсөл, арга хэмжээнүүдийн талаар, Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. 

Мөн баригдсан барилга байгууламж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас шалтгаалан усны чанарын үзүүлэлтүүд өөрчлөгдөж, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй асуудлаар, Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, саарал усны хэрэглээний талаар танилцуулж, тулгамдаж буй анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа илэрхийлсэн. 

Юуны түрүүнд Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “орон сууц, орон сууцны инженерийн шугам сүлжээний нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан, түүнийг ашиглах, аюулгүй байдлыг хангах” мөн “орон сууцыг ашиглалтад оруулахдаа орон сууцны инженерийн шугам сүлжээний ашиглагч, хангагч байгууллагыг тодорхойлж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэх мэт эрх зүйн зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан тул төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Мөн хот, суурины төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, усны чанар сайжруулах тоног төхөөрөмж суурилуулах, хяналт удирдлагын ухаалаг нэгдсэн системд холбох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.