Х.Нямбаатар: Цасыг хуссаны дараагаар давс, бодисыг цацан, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх ёстой

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тэрбээр шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавруудын хэрэгжилтийг сайжруулахад анхаарахыг даалгаж, зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, халтиргаа гулгаанаас тогтмол сэргийлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн "Хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор дүүргүүд халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг тогтмол, шуурхай гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд Хот тохижилтын газраас хяналт тавина. Мөн дүүргүүдэд харьяалагддаггүй, СӨХ-ны эзэмшил талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд дүүргүүд болон Хот тохижилтын газар хяналт тавьж, СӨХ-дыг хариуцлагажуулах шаардлагатай. Орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай байгаа тул тухайн аж ахуйн нэгжүүдтэй дүүргүүд гэрээ байгуулан ажиллаж болно. Цас ормогц нэн түрүүнд цасыг хуссаны дараагаар давс, бодисыг цацаж, хайлмагц нь дахин түрж, цэвэрлэх дарааллаар ажиллах ёстой" хэмээлээ. Түүнчлэн

  • Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийх ажлуудын эрх шилжүүлэх, худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлуудыг эрчимжүүлэх
  • Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг сайтар хангах
  • Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль болон бусад хуулиуд батлагдсантай холбогдуулан шинээр боловсруулах дүрэм, журам, шийдвэрийн төслийг танилцуулах
  • Нийтийн тээврийн автобусны шинэ маршрут, программ хангамжийг эрчимжүүлэх
  • Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарах
  • Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөх
  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Оны эхнээс төсвийн орлогын бүрдүүлэх, татварын орлогын бааз суурийг өргөжүүлэх нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, захирамжийн төслийг танилцуулах
  • Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, нийслэлийн өмчийн бүртгэл тооллогыг чанаржуулахад анхаарах
  • Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалтыг бүрэн хариуцуулж, ажлаа эрчимжүүлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.