С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Нэг доллар зуун мянган төгрөгт хүрэхэд монгол дэлхийн хамгийн ядуу улсын нэг болно, Ерөнхийлөгч өө!
Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь ард түмнийхээ эмоцилог байдалтай шууд уялдаатай гэнэ. Дотоодын нийт бүтээгдэхүүн багасахын хэрээр олон түмний эмоцилог байдал ихсэж, харин өсөхөд нь буурдаг аж. Энэ баримтыг Швейцарийн сэтгэл судлаач Клаус Шерер судлан илрүүлжээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүн болон тухайн үндэстний эмоцилог байдал хоёр хоорондоо яаж уялддаг юм бол? ДНБ бага байгаа нь үндэстний эмоцилог байдлын шалтгаан болж байна уу, эсхүл үндэстний эмоцилог байдал нь ДНБ багасах шалтгаан болох уу?
ДНБ бага байх нь тухайн үндэстний эмоцилог байх шалтгаан болдог гэвэл энэ зүй тогтол бидний санаа бодолд ядах юмгүй тусна л даа. Ядуу орны иргэд эмоцитой байх нь ойлгомжтой шүү дээ.
Харин эргээд тухайн үндэстэн эмоцилог байх нь ДНБ буурах шалтгаан болдог гэвэл ухаан санаанд буухад амаргүй. Үндэстний эмоци нь эдийн засгаа хорлоод байдаг зүй тогтолтой гэхээр нэг тиймхэн. Гэтэл үнэндээ яг тийм. Эмоцилог үндэстэн эдийн засгаа амархан хорлодог. Өнөөдөр манайд тэр зүй тогтол тодорхой харагдаж эхэлсэн!
Хайдеггерч ёсоор хэлбэл, эдийн засаг гэдэг бол үр ашигтай Байх (Being, Бытия) юм. Өөрөөр хэлбэл, олсон орлогоосоо илүүг зарж болохгүй байхыг хатуу шаарддаг Байх юм.Олсон орлогоосоо илүүг зардаг үр ашиггүй бүхнийг хайр найргүй устгаж байдаг Байх юм. Тэр утгаараа тооцоотой ухаалаг (рационал) байдлыг нэхдэг Байх аж.
Олж байгаагаасаа илүүг зарж, зөрүүг нь зээлээр аргацаадаг хүн удахгүй модоо барьдаг. Олж байгаагаасаа илүүг зарж байгаа айл өрх зээл олдохоо болиход бас л модоо барьдаг. Ямар ч том корпораци үр ашиггүй болох үедээ гарцаагүй дампуурдаг. Корпораци бүү хэл, олж байгаагаасаа илүү ихийг хэрэглэдэг улс ч дампуурдаг. Нэг улсаар ч тогтохгүй, нэг хэсэг улсыг дотроо багтаасан соёл иргэншил үр ашиггүй иргэншил ахул, яаж ч худлаа яриад, хаашаа ч бултаад өөрийгөө аварч чадахгүй дампуурдаг юм. Хорьдугаар зуунд асар хүчтэй гарч ирсэн коммунист цивилизац дампуурч, байхгүй болохыг манай үеийнхэн нүдээрээ харсан. Эдийн засаг гэдэг ийм л хайр найргүй, хүйтэн цэвдэг, хатуу ширүүн эд. Түүний,"үр ашиггүй л бол дампуурна" хэмээх хуулийг давж гарсан хоншоортой нэг ч эдийн засгийн организм одоо хэр нь гараагүй л байна.
Гэтэл олон түмэн, эдийн засгийн үр ашигтай ухаалаг байх хатуу шаардлагыг үл тэвчин, түүнийг эсэргүүцэн байнга тэмцэж иржээ. Яагаад гэвэл олон түмэн гэдэг бол угаасаа эмоцилог нэгдэл. Эмоци, рационал байдлыг эсэргүүцдэг жамтай.
Хүмүүс бухимдах, уурлах, баярлах, хөөрөх, шүтэх, бишрэх зэрэг эмоциороо л нэгдэж олон түмэн буюу массыг бий болгодог. Ийн, масс гэдэг бол уг мөн чанараараа эмоцилог аж. Олон түмэн буюу масс хэзээ ч ухаалаг тооцоотой рационал байж чаддаггүйн учир шалтгаан үүнд байгаа юм.
Сүүлийн үед хиймэл оюун ухаан судлаачдын зарим нээлтийн үр дүнд, алгоритмыг нь олоодохвол олон түмнийг рационал (тооцоотой ухаалаг) болгож болох юм байна гэсэн үг яриа нийгэм судлаачдын дунд гараад байгаа. Мөн бидний сайн таних Стэнфордын их сургуулийн улс төр судлалын профессор Жэймс С.Фишкин, зөвлөлдөх ардчилал нь олон түмнийг одоо байгаагаас нь илүү рационалжуулах алгоритм болох магадлалтай гэж үздэг.
Яадаг ч байлаа,"нийгмийн эрх ашиг" гэдгээр түрээ барьсан олон түмний эмоцилог байдлыг зад эсэргүүцэн тэмцэж байсан Айн Рэндийн түмэн зөв. Юу гэвэл олон түмний эмоцилог байдал нь хувь хүний тооцоотой ухаалаг байдлыг "алж булшлан", улсын эдийн засгийг сүйрэлд хүргэдэг нигууртай. Аюул эмоцилог олон түмэн, тэднээр тоглох популистуудаас л гарч ирдэг юм. Айн Рэнд "өөрийгөө бодох нь ариун үйлс" хэмээн тунхагласан. Эл уриаг нягтлан үзвэл; өөрийгөө бодсон хувь хүн л тооцоотой ухаалаг байж чаддаг (үнэндээ хамт олонч рационал байдал үгүй), хувь хүмүүс нь хэчнээн рационал (ухаалаг) сэтгэлгээтэй болно тухайн улс төдий чинээ хөгждөг, рационал хувь хүмүүс хоорондын шударга өрсөлдөөнд ялж гарагсад нь л чухамдаа нийгмээ дагуулж хөгжил дэвшилд хүргэдэг номтой юм. Шалтгаан нь эдийн засаг хэмээх зөвхөн үр ашгийг нэхдэг хатуу шаардлагатай рационал байдлыг ухаалаг тооцоотой хүмүүс л давж гардаг, тэгэх бүрдээ нийгмээ улам бүр баян болгож байдаг ажээ.
Эдийн засгийн рационал байдалд тэнцэж амжилтад хүрч чаддаг хүмүүсийг Айн Рэнд "жинхэнэ капиталистууд" хэмээн өргөмжилдөг. Харин Насим Талеб (шуугиан тарьсан "Хар хун" номын автор) тэднийг улсынхаа баялгийг аривжуулах "дайн"-д орсон "эрэлхэг цэргүүд" хэмээн цэрэг эрстэй зүйрлэсэн байдаг. Тэдний олонхи нь "амиа алддаг". Стив Жобс, Илон Маск нар шиг маш цөөхөн хэсэг нь л тэсэж үлддэг. Эдийн засаг ийм энэрэлгүй. Тэсэж үлдэгсэд нь нийгмийн баялгаа аривжуулж, хөгжил өөд хөтлөх бөлгөө.
Айн Рэндийг популистууд хамгийн ихээр үзэн яддаг байсан. Яагаад ингэдэг байсныг тогтож тодруулъя.
Популистууд эдийн засгийн рационал байдал, олон түмний эмоцилог байдал хоёрын хооронд байнга үүсдэг зөрчлийг, эрх мэдэл олж авах гэсэн хувийн зорилгодоо ашиглаж амьдардаг хүмүүс. Тэд,"нийгмийн сайн сайхан" гэх ойлголтоор тоглож олон түмний эмоцилог байдлыг хөөргөн, эдийн засгийн рационал байдал руу ямагт дайран булхайцаж эрх мэдэлд хүрдэг.
Тэдний энэ тоглолтын гайгаар эдийн засгийн үр ашигтай байдлыг бий болгогч гол хүч болох хувь хүний рационал байдал нь эмоцилог олон түмэнд даруулж, дэвсүүлж дуусдаг. Хувь хүний рационал байдлыг манлайлдаг баялаг бүтээгч бизнесмэнүүд, капиталистууд нийгэмдээ "ангийн дайсан" мэт болон гадуурхагдана. Ядахдаа хүн өөрөө баян нэгэн болохдоо дуртай атлаа бусдын чинээлэг байдлыг тэвчдэггүй нь бүр хачин.
Популистуудын өдөөсөн энэ "ангийн тэмцэл" битүүхэн явсаар эдийн засгийн үр ашгийг үгүй хийн, мөнөөх хахир хатуу эдийн засгийнхаа өршөөлгүй цээрлэлд өртдөг дөө. Ийн улсын эдийн засаг хямарч, харин популистууд улам бүр хожиж хөлжсөн байдаг авай.
Популистуудын, "нийгмийн сайн сайхан" гээчээр тоглодог энэ бохир тоглоомын булхайг хамгийн хайр найргүй илчилдэг хүн бол Айн Рэнд байсан юм. Түүний бүтээлийг олон зуун мянган хүн уншихыг хэлээд юу гэхэв! Тэгэхээр популистууд түүнийг "заналт дайсан"-аа хэмээн үзэхээс яахав.
1990 онд Монгол Улс, Зөвлөлтийн "колончилол"-оос чөлөөлөгдсөн юм. Тэр үед монголчууд бид; мах, сүү, гурил, бор давс зэрэг цөөн хэдэн тооны нэр бүхий бараанаас бусад өргөн хэрэглээний бараа болон үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжөө бүгдийг нь импортоор авдаг байсныхаа горыг амссан. Импортоосоо зуун хувь хамаардаг эдийн тогтолцоотой орон, эдийн засгаа валютжуулахгүй л бол, долларжуулахгүй л бол амьдарч чадахгүй юм байна гэсэн эдийн засгийн хатуу үнэнийг ойлгож авсан. Импортын эдийн засаг валютгүй бол сүйрэх аж.
Ингээд юуны түрүүн алт бол валют учраас алт олборлолтоо нэмэгдүүлэхээр "Алт" хөтөлбөр зарлалаа. Алтны олборлолт ч нэмэгдсэн. Хандивлагч орнуудаас тусламж олж авлаа. ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлэн доллар нийлүүлж эхэллээ. Гэхдээ л хангалттай валют орж ирэхгүй л байв. Яагаад гэвэл валютын хамгийн том, тэгээд тогтвортой нийлүүлэгч болох гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байлаа. Гэтэл валютын ханш 300 гаруй дахин (дахин шүү!) өсөөд байдаг.
Гадаадын томхон хөрөнгө оруулагчид хоёр сая гаруйхан хүнтэй манайх шиг жижиг зах зээлийг тоодоггүй ээ. Сонирхвол уул уурхайн том ордыг л сонирхоно. Гэтэл эрдэс баялгийн үнэ тун шалихгүй байсан тул уул уурхайд ч мөн ордоггүй ээ! Австралийн уул уурхайн гигант BHB, Таван толгойгхэсэгхэн сонирхож үзээд орхиод гараад явчихаж байсан шүү дээ.
Монголчууд хэрэндээ л тэвдэж байлаа!
Ашгүй эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр цойлон өсөж, хөрөнгө оруулалт наашиллаа. Монголын эдийн засагт долларын нийлүүлт хэдэн тэрбумаар хийгдэж, бид хүссэн бараагаа гадаад зах зээл дээрээс худалдан авч импортоор оруулж ирдэг болов. Эдийн засаг маань хямралаас гарч томорсон доо.
Хэдийгээр өнөөгийн эдийн засаг 90-ээд оныхтой зүйрлэх аргагүй сайжирсан ч гэсэн импортоос зуун хувь хамаарсан хэвээрээ байгаа. Монголчууд бид оёж шиддэг зүүнээс авхуулаад унадаг машинаа хүртэл гадаадаас худалдан авч байгаа. Ядахдаа орос машин унахгүй, дандаа барууны машин унадаг. Орос машин унадаг сан бол рубль байхад машин авчихна л даа.
Нэгэнт манай эдийн засаг импортоосоо зуун хувь хамааралтай учир валют, долларын нийлүүлэлт буурвал төгрөгийн ханш унаж эдийн засаг хямарна. Жишээ нь, Оюутолгой үйл ажиллагаагаа явуулахын тулд Монголын эдийн засагт жилдээ дөрвөн тэрбум доллар нийлүүлж байсан гэдэг. Ийм хэмжээний долларын нийлүүлэлт зогсоход манай төгрөгийн ханш навс унана. Импортоор бараа авч чадахаа болино. Бензин шатахууны үнэ замаа алдана.
Бид гадаадын хөрөнгө оруулагчдад хайртай болохоороо тэднийг уриад байсан юм биш. Монголд тэдний доллар хэрэгтэй байсан юм. Мэдээж олон тулгуурт эдийн засагтай болох гэсэн политик байсан л даа. Гэхдээ л нэн тэргүүнд валют хэрэгтэй байлаа. Тэгээд л гадаадын хөрөнгө оруулалтыг царай алдаад байв. Тэд ирж, бид импортын эдийн засгийн амин чухал хэрэгцээ болсон доллартай болж авсан билээ.
Өдгөө манай Ерөнхийлөгч манлайлаад, хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах үргээлэг эрчимтэй явуулж буйг бид бүгд харж байна. Сүүлчийн хөрөнгө оруулагч дайжин долларын нийлүүлэлт саарч, бас дээрээс нь торгуульд унавал яахаа манай үргээлэгчид тооцсон л байгаа даа?! Тооцож чадаагүй бол яана?!
Хэрэвзээ, тооцоо алдаж долларын хомсдолд унаад төгрөгийн ханш дор хаяж зуун мянган төгрөгт хүрвэл Монгол Улс; Мозамбик, Венесүэл, Хойд Солонгос зэрэг ядуу улсуудтай мөр зэрэгцэх зүгт эргэлтгүй гулсана! Яаж ч хичээгээд хахир хатуу эдийн засаг биднийг өршөөхгүй, өөрийн цэвдэг хуулиар цээрлүүлэх болно! Монгол дефолт болно. Эмоцилог олон түмэн, популистууд хоёр ингэж л Монголыг минь хорлоно доо!