Л.Оюун-Эрдэнэд нэг сайн чанар байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажиллаад иржээ. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоод, эх орондоо буцах замдаа. Мэдээж шалтгаантай. Нэгдүгээрт, Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзахдаа хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар энэ тоо 17 тэрбум ам.долларт хүрчээ. Хоёрдугаарт, Монголын Засгийн тэргүүн БНХАУ-д ажиллах үеэрээ “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Люй Гүоюэ-тэй уулзсан нь анхаарал татаж байна. Учир нь, 2025 оны Төсвийн тухай хуульд томоохон мега төслүүдээ түрүүчээс нь хөдөлгөхөөр тусгасны нэг нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам. Энэ хүрээнд хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлжээ. Хариуд нь “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ дэмжиж буйгаа хэлж Монгол Улстай тогтвортой, урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа онцолсон байна.

Газрын хэвлий дэх баялгийнхаа нөөцөөр дэлхийд дээгүүр бичигддэг Монгол Улс уул уурхайн ашигт малтмалаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар зориг шулуудаж, энэ зах зээлийн аварга тоглогч БНХАУ руу шинээр төмөр зам татах улс төрийн эр зориг гаргасан нь 2008 он. Үүнийгээ Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлж тогтоол баталсан нь 2010 он. Нэр нь “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 32 дугаар тогтоол. Гэвч тогтоолын хэрэгжилт гадаад, дотоодын улс төрөө даах битгий хэл давж чадахгүй явсаар алдагдсан боломжийн өртөг нь 80 их наяд хүрсэн түүхтэй. Төмөр зам өөрөө хөгжлийн төмөр судас гэдгийг Төр нь хүлээн зөвшөөрдөг ч түүнийг бодитоор хэрэгжүүлсэн нь үгүй.

Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо жил гаруйн дараа урд хөршийг зорьж Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай нь хийсэн уулзалтаар Гашуунсухайт-Ганцмод болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жилийн хугацаанд гацсан өргөн, нарийн царигийн маргааныг эцэслэж, нүүрсний экспорт гацаанаас гарсан юм. Улмаар энэ оны дөрөвдүгээр сард Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам бүтээн байгуулалтыг хийхэд хоёр талаас шалтгаалах зүйлийг Засгийн газар хооронд бүрэн эцэслэсэн гэсэн үг. ШХАБ-аас шууд эх орондоо ирж болох авч Бээжинд саатангаа “Чайна Энержи”-гийн ТУЗ-ийн даргатай уулзсан Ерөнхий сайдын үндсэн зорилго нь ч ийм. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэд бусдаасаа ялгаатай нэг сайн чанар байна. Тэр нь эхлүүлснээ дуусгадаг, эцсийг нь үздэг чанар. Улстөрч, Улсын Ерөнхий сайд хүнд байх л ёстой чанар. Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын асуудлыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Пакистан уулзахдаа хөндөж, БНХАУ-д ажиллах үеэрээ “Чайна Энержи” группийн удирдлагатай давхар тохирсон нь үүний энгийн хариулт.

Хэлэлцээрийн шатанд 18 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаснаар боомтуудын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрс тээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх урьдчилсан тооцоолол бий.

Г.Эрхэс