Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тооцно

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын энэ сарын 03-ны хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байгаа юм. Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг дараах тайлбарыг өгч байна.

 

“Уг багц хуулийн төслийн хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаад байгаа болно. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох асуудал тодорхойгүй байсныг засаж, боловсронгуй болгохоор холбогдох зохицуулалтыг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд нэмж тусгах зэрэг холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгаад байна гэлээ.