С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Золжаргал: Төсөв шимж амьдардаг бизнес бүхий бүхэл бүтэн тогтолцоо бий боллоо
УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Монголын нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирлаар багагүй хугацаанд ажиллаж байсан хүний хувьд асууя. Ирэх оны төсвийн төсөлд 83 сая тн нүүрс экспортлохоор тусгасан нь хэт өөдрөг төсөөлөл боллоо гэж ярих хүн цөөнгүй байна. Энэ тоо хэр бодитой бас боломжтой төсөөлөл юм?
-83 сая тн нүүрсийг 129 ам.доллароор борлуулна гэж тооцоо хийсэн байна лээ. Харин миний хувьд ирэх жилүүдэд улсын төсвийн орлого эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
-Яагаад?
-Төсвийн төсөлд байгаа оршил, танилцуулга хэсэгт дэлхийн геополитикийн асуудал тодорхойгүй байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тодорхойгүй байна. Тэнд үл хөдлөх хөрөнгийн салбар нь унаж байна. Дэд бүтцийг хүчээр, бодлогоор дэмжиж яваа. Энэ нь ганц жилээр хэмжигдэхгүй. Ийм нөхцөлд Төсвийн хүрээний мэдэгдэл, дараа жилийн төсөөллөөр нүүрсний эскпортыг өсгөж тооцсон, 110 сая тн хүртэл гаргана зэргээр. Олон улсын нөхцөл байдал хаашаа ч эргэж болзошгүй байгаа энэ цаг үед төсвийг адилхан хувилбартай бодож байх ёстой. Эрсдэлтэй гэж хэлээд байгаа шалтгаан нь ийм.
Хэмжээний тухайд 83 сая тн-ыг экспортлох боломж бол бий. Хятад талдаа эрэлт байгаа юу гэвэл байгаа. Австралиас нүүрс авдаг гарцаа сэргээлээ. ОХУ гэсэн том нөлөөлөгч орон байна. Бусад газраас ч авдаг.
-Гэхдээ Монголын нүүрс ойрхон гэдгээрээ давуу талтай?
-Дээрээс нь үнэ хямд. Тэгэхээр яаж ийж байгаад 80 сая гаргаад экспортолж болно. Техникийн нөхцөл байдал нь ч эрс сайжирсан. Гагцхүү үнийн хувьд эрсдэлтэй байна. Цаашдаа 129 ам.долларт бариад явна гэдгийг хэлж мэдэхгүй. Хятад улсад гангийн хэрэглээ буурсан. Дотоодын эрэлт буурчихаар экспорт нэмэгддэг. Урд айл өөрөө 4.5 тэрбум тн-ны хэрэглээтэй. 700 гаруй сая тн коскжих нүүрсний хэрэглээтэй. Үүний 10 орчим хувь нь Монгол Улсад байж л байна. Гол нь эрэлт буураад ирэхээр үнэ унана. Тэр тохиолдолд манай талаас экспортын хэмжээгээ нэмэхийг хүснэ. Харин түүнийг нь авах уу гэдэг асуудал гарна.
-Хямд үнээр авах нь харин ч нөгөө талд ашигтай юм биш үү?
-Ер нь Хятад улс нүүрсийг цэвэр зах зээлийн хэмжээгээр авдаггүй. Зохицуулалттай зах зээлтэй. Хэдийг авах нь Төрийн бодлого, орон нутгийн эрх ашгаас хамаарна. Бүх уурхайгаа зогсоогоод зөвхөн Монголоос авна гэвэл зөвшөөрөхгүй. Зохих баланс яригдана. Хэрвээ нүүрсний үнэ унаад Монгол Улс төсвийн орлогоо гүйцээх зорилгоор 80 сая тн-оос дээш экспорт хийе гэвэл гарцаагүй хямд үнээр зарж таарна, зөвшөөрүүлэхийн тулд шүү дээ. Тэр нь Монголд алдагдалтай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төсөв нүүрснээс шууд хамааралтай учраас хэт өөдрөг төсөөлөх нь эрсдэлтэй.
-Нүүрсний үнийн тухайд Баяннуур аймгийн хэдэн хүн шийддэг гэсэн яриа байдаг. Үнэхээр бодитой асуудал тэнд байна уу?
-Наймаа хийж байгаа ямар ч хүн хямд авахыг бодно. Үүний эсрэг, цөөн хэдэн хүний гарт орохгүйн тулд Монгол Улс Биржийн тухай хуулийг баталсан. Өнгөрсөн болон энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний борлуулалт сайн байж байгаад сүүлийн үед уналаа. Мэдээж зах зээлтэйгээ тодорхой хэмжээнд холбоотой. Мөн Хятадын дөрвөн том компанитай оффтейк гэрээтэй. Биржийн үнээс үл хамаарсан урт хугацааны тогтвортой гэрээ. Нэг талаар Монгол Улсад хэрэгтэй гэрээ, нүүрсний үнэ яаж ч савлаж байсан тохирсон үнээр нийлүүлнэ.
-Ам нөхцөлтэйгөөр байгуулаад, мөнгийг нь урьдчилаад авсан гэрээг хэлээд байна уу?
-Тийм ээ. Нөгөө талдаа тухайн гэрээг хоёр улсын Төрийн өмчийн компани хооронд хийсэн учраас манай талын сонирхлоор өөрчлөх боломжгүй. Нэгэнт мөнгийг нь урьдчилж аваад хэрэглэсэн болохоор тэдгээр компанийн асуудал хөндөгдөхгүй. Нүүрсээ авдгаараа авна. Нэмээд тийм гэрээ байгуулах хүсэл цаад талаас байнга тавьдаг юм шиг байна лээ. Жишээ нь, “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг хийхэд оффтейк гэрээ байгуулж болох тухай УИХ-ын тогтоолыг өнгөрсөн жилийн долдугаар сарын 7-нд баталсан. Х.Нямбаатар даргыг Ажлын хэсэг ахалж байх үед.
Түүгээр “Чайна энержи” компани төмөр замаа тавихад Монголын талаас 20 сая тн нүүрсний оффтейк гэрээ байгуулах асуудал бий. Тэрийг ямар үнэ нөхцөлөөр зөвшөөрөх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Гэхдээ олон оффтейк орж ирэх тусам Биржийн үнэ тогтолт байхгүй болно. Цөөн тооны компанийн гэрээний хүрээнд нүүрсний экспорт явна. Хятадын бусад худалдан авагч Монголын нүүрсний зах зээлд орж ирэхэд хэцүү хязгаарлагдмал болно. Ер нь нүүрсээ аль болох биржээр борлуулж байх ёстой юм.
-Уг нь Тавантолгойд дахин оффтейк гэрээ байгуулахгүй. Нүүрсийг зөвхөн биржээр зарах асуудал нэг хэсэг хүчтэй явсан. Сүүлд “Эрдэнэс Тавантолгой” компанийг менежментийг гаднаас сонгон шалгаруулах тендер зарлахаа хүртэл Засгийн газраас мэдэгдсэн шүү дээ?
-Монголчууд ил уурхайг ямар ч асуудалгүй 100 хувь ажиллуулж чадна. Барууныхнаас ч, Хятадаас ч илүү үр ашигтай ажиллуулна. Тодорхой жишээ хэлж болно. Төрийн өмчийн уурхайн үйл ажиллагаа, удирдлагад улс төр ороод, даргын томилгоотой хүнийг суулгаж ирсэн учраас үр ашгийн тухай асуудлыг хөнддөг. Тэгсэн хэрнээ томоохон хэмжээний татвар төлөөд, үр ашигтай ажиллаад байна.
Өөрөөр хэлбэл, гадаадын менежментийн багийн хэрэг үнэхээр байна уу гэвэл үгүй. Монголчуудад чадах, чадахгүй асуудал байхгүй учраас мэргэжлийн зохион байгуулалтад оруулах хэрэгтэй.
-Тавантолгой тийм байж. Үе үеийн Засгийн газар, УИХ дамжсан хэд хэдэн мега төслийг эрэмбэлээд эхний ээлжид дөрвийг нь эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газраас оруулж ирлээ. Үүнд нь хил холболтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн УСЦ, ураны төсөл, үндэсний хиймэл дагуулын төсөл багтаж байгаа?
-Хил холболтын төмөр зам мэдээж хэрэгтэй. Хариуд нь ямар нөхцөлөөр тохирох юм гэдгээ сайн бодох хэрэгтэй. 200 гаруй сая ам.доллар гэсэн ТЭЗҮ-ийн дүн байдаг. Одоо тэр нь нэмэгдээд 700, 800 сая ам.доллар болсон юм уу, үгүй юм уу гэдэг яриа нэг хэсэг явлаа.
-Алдагдсан боломжийн өртөг нь биш үү?
-Тэрийгээ тодорхой болгох ёстой. Хэрвээ тийм үнэхээр тийм өртгөөр барих юм бол утгагүй. Хоёрдугаарт, төмөр замыг тавихад Худалдааны гэрээ байгуулна. Тэр нь өнөөх 20 сая тн нүүрсний гэрээ. Мэдээж болно. Том хөрөнгө оруулалтад баталгаа байдлаар байж болно. Гэхдээ хэдэн төгрөгөөр юм, Монголд үнэхээр ашигтай юу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Миний сонссоноор Хятадын талаас нүүрс олборлолтод оролцох санал гаргасан юм билээ. Тийм шаардлага байхгүй. Уурхайг монголчууд өөрсдөө ашиглаж, ажиллуулж чадна. Тэгэхээр харилцан ашигтай байвал гэрээгээ хурдан байгуулаад явбал хил холболтоо хийвэл нүүрсний өртөг, зардал, байгальд орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурна.
Хүлээж авч болохооргүй том нөхцөл байвал хэцүү. Нэг үгээр, төсвийн орлого бууурна, бусад хилийн боомтоор олигтой нүүрс гарахгүй, мега төсөл ч үгүй болно гэдэг логикоор ажиллаж болохгүй.
-Гэхдээ төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудалд Танай намын оролцоо Засгийн газарт хамтрах байдлаар яваа..?
-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ХҮН-ын заалтууд ихэвчлэн зохицуулалтын шинжтэй. Том төсөл рүү чиглээгүй. Өөрөөр хэлбэл, Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан бодлогын зохицуулалтыг хэрэгжүүлэхийн талд бид зогсоно. Харин төсөв тэлж байгаад, олон их наядаар нэмэгдсэнд үнэнийг хэлэхэд бидний нөлөө байхгүй.
-Үндэсний хиймэл дагуулын тухайд?
-Ураны төсөлд хөрөнгө оруулж байгаагийн хувьд Францын талаас сайн санааны үүднээс хөгжил дэвшлийг авчрах зорилгоор Монголд хөнгөлөлттэй зээлээр хиймэл дагуул хийж өгнө гэсэн тайлбар байгаа. Инноваци, цахим бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр том үнийн дүнтэй төсөл учраас мэдээлэл огт алга, сонсгол зохион байгуулъя гэдэг хүсэлт тавьсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй ажлын хэсгээс ирж мэдээлэл өгсөн. Нийгмийн сүлжээнд Ч.Анар гишүүн, Н.Учрал сайд нарын хоорондын яриа нэлээд явсан даа.
Дараа нь зарим гишүүний хамт Францын талын байр суурийг сонссон. Ямар ч байсан намын болон Байнгын хорооны албан ёсны байр суурь гараагүй. Хувь гишүүний өнцгөөс дүгнэхэд энэ төсөлд арилжааны ямар нэгэн ашиг байхгүй. Монголчуудын интернэтийн асуудал шийдэгдэхгүй. Малчин утсаар ярьж, интернэтэд холбогдоно гэдэг асуудал байхгүй. Яагаад гэхээр хүчин чадлын хувьд манай хэрэглээнээс 10-30 дахин бага, нөөц маягаар ашиглах зориулалттай. Тохиргооноосоо хамаарах юм шиг байна лээ.
Нөөц гэдэг нь ямар нэгэн байдлаар дайн боллоо гэхэд ОХУ, БНХАУ-аас орж ирж байгаа шилэн кабель тасарсан тохиолдолд гадаадад, Францад байгаа эх үүсвэрээр дамжуулж газрын станц руу мэдээллээ шиднэ. Гамшиг болж сүлжээгүй болсон тохиолдолд ашиглах зориулалттай. Аюулгүй байдал талаасаа ач холбогдолтой байж мэднэ. Арилжааны ач холбогдолгүй цэвэр бодлогын асуудалд 800 гаруй тэрбумыг зарцуулах уу, үгүй юу гэдгээ шийдэх ёстой. Миний хувьд тэр мөнгө хэтэрхий хайран байна.
-Таныхаар яах ёстой юм?
-Францтай хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцсон ураны төслийг дагуулж сансрын салбарыг хөгжүүлэх боломж байгаа бол хиймэл дагуул хөгжүүлэлтийн хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд одоогийн төслөөс нь 5, 6 дахин бага мөнгөөр хэрэгжүүлэх нь илүү бодитой. Манайхан 2017 онд анхны хиймэл дагуулыг хөөргөсөн. Судалгааны зориулалттай жижигхэн куб сат. Дараа нь аж ахуйн нэгжийн төлөөлөл хөөргөсөн. Одоо МУИС-ийнхан хоёр дахиа хөөргөх гээд сууж байна. Монголын мэргэжилтнүүдийн дүгнэлтээр нам, дунд орбитын интернэтийг гамшгийн үед хэрэглэх асуудлыг хамаагүй бага мөнгөөр шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Эцсийн эцэст үндэсний хиймэл дагуул монголчуудад үлдэх ёстой.
-Нэгэнт Франц гэж ярьсных ураны төслийн талаар асууя. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалын үеэр шийдэгдсэн энэ төслийг албан ёсоор хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад Монголын тал өөрсдөөс хамаарах хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Хувь гишүүний өнцгөөс төсөл ямар байр суурьтай байгаа вэ?
-Казахстаны Ерөнхийлөгч саяхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. 25-26 мянган тн байх аа, уран олборлодгоороо дэлхийд номер нэг улс. Франц улс гэхэд хамгийн том үйлдвэрлэгч нь. Хэд хэдэн томоохон уурхай ажиллуулдаг. Одоо Монгол руу орж ирэх гэж байгаа нь тун таатай үзэгдэл. “Гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалт Монголд хэрэгтэй юу хэрэгтэй. ОХУ, Хятад хоёр бол найрсаг харилцаатай их гүрэн. Ер нь дэлхийд нээлттэй байхын тулд “Гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалт хэрэгтэй.
Дэлхийн чиг хандлагаа харсан ч Монголын анхаарал хандуулах ёстой зүй нь уран, газрын ховор элемент. Тиймээс төслийг агуулгаар нь дэмжиж байгаа. Хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь байдаг. Ашигтай байна уу, үгүй байна уу гэдгээс үл хамаарч төлөх ёстой татвар. Яагаад гэхээр газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой. Дээрээс нь стратегийн орд учраас 34 хүртэлх хувийг эзэмшихээр заасан. Гэхдээ 34 хувийг Төр эзэмшихээр үйл ажиллагаанд нь зайлшгүй оролцоно. Алдагдалтай гарвал ногдол ашиг авахгүй. Тиймээс уран төсөл дээр эрсдэлээ тооцоод хувь эзэшихгүйгээр АМНАТ-ыг дахин таван хувиар авах саналыг манай талаас тавьсан юм билээ. Одооо хэлэлцээрийн түвшинд яваа. 5+5 тэнцүү 10 хувийн АМНАТ авна гэсэн үг.
Мөн ураны үнээс хамаараад 1-9 хувийн АМНАТ нэмэгдэнэ. Хамгийн багадаа 10, хамгийн ихдээ 19 хувийн АМНАТ авна гэсэн үг. Энэ бол Казахстантай харьцуулахад бага зэрэг өндөр. Ерөнхийдөө боломжийн. Тус улсын хувьд энэ жилээс нэмж байгаа ч 15-16 орчим болох юм билээ.
-Угтаа бол Монгол Улсад ураны хайгуул эхэлсэн цаг хугацаа нь Казахстан ижил. Бараг нэг гараанаас гарсан байдаг шүү дээ?
-Яах вэ, манайхаас арай илүү нээлттэй бодлого явуулсан юм болов уу. Хурдан ч байна. Тэгэхээр бидэнд яалт ч үгүй “Гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалт хэрэгтэй.
-Эрчим хүчний салбарт хийх реформыг гардаж хийх Шадар сайд Т.Доржхандаар дамжуулж Танай нам дээр төвлөрч байна гэж хараад байгаа юм. ХҮН-ын мөрийн хөтөлбөрөөс Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бодитоор туссан нь ч энэ шинэчлэл. Гэхдээ нийгмийн хүлээж авах хандлага нь арай өөр байна. Ялангуяа үнэ, тарифыг нэмэгдүүлэх асуудлаар. Таны хувьд Эрчим хүчний үндэсний хороонд багтдаг юм билээ?
-Монголчууд худлаа эдийн засагтай, хиймэл орчинд амьдарч байна. Тэрний нэг тусгал нь эрчим хүчний салбар. Яагаад худлаа эдийн засаг гэж тодотгосон юм гэхээр 80 хувь нь Төрөөс хамаарч байна. 40 хувь нь төсөв байна. Энэ тохиолдолд Төр тойрсон, төсөв шимж амьдардаг бизнес бүхий бүхэл бүтэн тогтолцоо бий болсон. Нам тойрсон эдийн засгийн дарангуйлалд монголчууд оршиж байна. Үүний тод илрэл нь эрчим хүч.
Хуульд зааснаар эрчим хүчний үнэ, тарифыг хараат бусаар Зохицуулах хороо нь тогтоодог. Эх үүсвэр нь эдийн засгийн үр ашигтай, хэвийн ажиллах боломжийг хангасан үнийг тогтооно гэж заасан. Хоёрдугаарт, хүчинтэй журам гэж бий. Тэр журам нь томъёотой. Томъёо дээр нь ашиг, алдагдлыг нь тооцдог. Гэтэл үүнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн хугацаанд огт хийгээгүй.
-Эрчим хүчний зохицуулах хороо нь хууль, журмаа огт хэрэгжүүлж ирээгүй гэсэн үг үү?
-Уг нь энэ асуудлаар хариуцлага ярих ёстой юм. Өнөөдөр өрхийн дундаж орлогын дөрөв орчим хувь нь цахилгаан байна. Жил ирэх тусам багасч ирсэн. Цаанаа хямдхан эрчим хүч хэрэглэж байгаа мэт боловч нийгмээрээ алдагдлыг нь хувааж төлж байгаа юм. Үйлдвэр барих гэхээр техникийн нөхцөл өгдөггүй. Байшин барих гэхээр дулаан өгдөггүй. Хөрөнгө оруулалт татах гэхээр алдагдалтай учраас орж ирдэггүй ийм нөхцөлд эрчим хүчний салбар оршиж байна. Тиймээс өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай.
Өөрчлөлт хийх хамгийн эмзэг сэдэв нь үнэ, тариф. Гэхдээ Эрчим хүчний реформ хийх үндэсний хороо үүнийг тогтоодог газар биш. Эрчим хүчний зохицуулах хорооноос бие дааж гаргадаг. Гэтэл үе үеийн Засгийн газраас тэрхүү боломжийг нь олгохгүй байсанд учир байгаа юм.
-Үндсэндээ үнэ, тарифыг бодит өртөгт нь хүргэх биш хүчээр барьж ирсний уршиг нь салбараа тартагт нь тулгасан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт бидэнд алга...?
-Хүчээр барьсан худлаа үнийн цаана худлаа эдийн засаг хөгжиж байна. Утааны эсрэг тэмцэнэ гээд баахан цахилгаан халаагуур гэр хороололд тарааж байршуулсан. Хиймэл үнэтэй учраас боломжийн санагдаад байдаг. Хэрвээ үнэ тариф бодит болбол тэд яана. Буруу юм буруу юм руу л явна. Дулааны үнэ гэхэд тарифаасаа 70-80 хувь бага байна. Дулааны үр ашгийг тооцохгүйгээр олон барилга барьж байна. Хоёр давхар шилэн ханатай, дулаалгагүй оффис Улаанбаатараар дүүрэн байна. Тэдгээрт дулааны тоолуур тавьбал яах бол. Анхнаасаа худлаа явсан болохоор эргээд гарах үр дагавар нь худлаа л байна. Үүнийг зогсоож байж л өөрчилж, шинэчилнэ.
-Үнэ тарифыг нэмэгдүүлэх тухайд?
-Механикаар нэмчихээр Төрийн өмчийн компаниуд нь дараа жил дахиад алдагдалтай ажиллаж байна, дахиад үнэ нэм гэдэг асуудлыг ярина. Тэгэхээр үнэ нэмэх нь эцсийн шийдвэр биш. Нэн тэргүүнд Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын үйл ажиллагааг хараат бус, зарлагаа нөхдөг байх шаардлагаа тавиад Засгийн газрын нөлөөнөөс гаргах ёстой. Түгээх, борлуулах функцууд гэх зэргээр. Дараа нь тарифыг тогтоох индексийн асуудал яригдана. Бөөний, холимог зах зээл гэсэн хэдэн аргачлал байдаг. Тэр зарчмаараа яваад ирэхээр хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Эх үүсвэрүүд олширно. Тэр үед чөлөөт үнийн зарчмыг ярина. Одоо бол үнэ чөлөөлөх талаар ярихад эрт. Бодит өртөгт нь хүргэлээ гэхэд зарим өрхөд хүнд тусна. Тэдэнд зориулсан нөхөн төлбөрийг шийдэх шаардлага гарна. Дөрвөн ам бүлтэй айл цахилгаанд 30-50 мянган төгрөгийг төлдөг. Эсрэгээрээ гар утасны төлбөр нь 100-200 мянга болох энүүхэнд. Өөрөөр хэлбэл, хүний амин чухал хэрэглээ нь хэт хямдхан байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, үнэ тарифыг нэмлээ гэхэд өрхийн амьжиргаанд нөлөөлөх нь бага.
-Бага хэрэглээтэй нь бага, их хэрэглээтэй нь их төлөх зохицуулалт хийхээр төлөвлөсөн гэж тайлбарлаад байгаа?
-Худлаа баймааргүй байна. Бодитой эдийн засаг байхгүй бол худлаа юм худлаа тайлбараар л явна. Төсвөөс тэр бүгдийг нь хаана. Эргээд төсөв нь томорно. Тэгж явсаар хэзээ нэг өдөр хагарах байх даа.
-Ярилцсанд баярлалаа.
С.Гандөл