С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
ХӨГЖЛИЙН ГУРВАН ШИЛЖИЛТ: Эхлэх цэг “Huawei”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Монголд, Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр биш л дээ. Харин БНХАУ-ын Шанхай хотод ажлын айлчлал хийх үеэр. Гэдэг нь Шанхайд газардсан даруйдаа технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцаж, хамтын түншлэл байгуулах санал солилцсоны хүрээнд ийм шийдэлд хүрч.
“Huawei” бол Хятаддаа төдийгүй хэдийнэ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хүрсэн харилцаа холбоо, технологийн салбарын “магнат”. 170 гаруй Сloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийн үйлчилгээ үзүүлдэг том тоглогч. 2018 онд АНУ-ын “Apple”, 2020 онд БНСУ-ын “Samsung” брэндийг борлуулалтаараа гүйцэж, ардаа орхиж байсан нь үүний бодит жишээ. Шанхай хотноо хөшгөө нээж буй “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцогч 3400 аж ахуйн нэгжийн сонирхлын төвд яваа шалтгаан, Монголын Ерөнхий сайдын айлчлалын эхлэл цэг “Huawei” байсан нь ийм учиртай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч тус компанийн Тэргүүн гүйцэтгэх захирал Ван Жяньфөн-тэй уулзах үеэрээ онцолсон байна лээ, “Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Эдгээр шилжилтийг хийхэд “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтарна” гэдгийг. Технологийн гурван шилжилтийг нэн тэргүүнд нэвтрүүлэх замаар хөгжлийн стратегиа тодорхойлсон Ерөнхий сайдын хувьд хэлэх ёстой л байр суурь, хийж хэрэгжүүлэх учиртай зарчим.
Тэгээд ч “Huawei” компанийн технологи аль 2006 оноос, 18 жилийн өмнөөс Монгол Улсад нэвтэрч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Энэ хугацаанд олон улсын мэргэжлийн сертификаттай Монгол болон бусад орны нийт 50 гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд өндөр хурдны, чанартай, найдвартай сүлжээг аймаг, нийслэлийн төв, алслагдсан сум, багт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Гэхдээ дан ганц харилцаа холбооны салбарт технологийн дэвшлийг түгээх нь тус компанийн зорилго биш. Сэргээгдэх эрчим хүч, хөдөө, орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө хаяж буйгаараа онцлог. Судалгаa хөгжүүлэлтийн төвүүд нь гэхэд хиймэл оюун ухаан (AI), үүлэн тооцоолол, их өгөгдөл (big data) зэрэг салбарт төвлөрдгөөрөө давуу талтай.
Санаж байгаа бол Хамтарсан Засгийн газрыг эмхэлсний дараа Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард, e-Cabinet2.0 шинэчлэлийг нэвтрүүлэхээр болсныг сайд Н.Учрал мэдэгдэж байв. Монголын Төрд 15 тэрбум бичлэг бүхий өгөгдөл байдгаас 39 хувийг ашигладаг гэсэн баримт бий. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүдэд дашбоард суулгаж өгснөөр татвар төлөгчдийн тоо, экспорт, импортын дүн, цалингийн дундаж хэмжээ зэрэг бүх мэдээлэл харагдах юм. Ямар үйлчилгээг иргэд түлхүү авч байгаагаас үүдэж Төрийн шийдвэр илүү ухаалаг, төсвийн зарцуулалт тодорхой болох хэрэг. Улсын төсвийн хуваарилалт “бай”-ндаа тусахгүй явж ирсний үндсэн шалтгаан энэ.
Харин энэ удаад Шанхайд төвтэй “Huawei” компанийн удирдлагуудтай Монголын Ерөнхий сайд өөрийн биеэр албан уулзалт хийж, зарим тохиролцоонд хүрсэн нь хэд хэдэн салбарын ойрын ирээдүйн хөгжлийг технологийн шийдвэрлэхэд томоохон түлхэц болох нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч хөгжлийн гурван шилжилтийн эхлэлийн цэгээ ийнхүү “Huawei”-д хатгалаа.
Г.Эрхэс