С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ ийм л зорилготой байжээ!
Монголын нийгэм мартамхай. Улстөрчид нь загасны ой санамжтай. Нийлбэр нь өнөөгийн Төр, түүнийг бүрдүүлдэг тогтолцоо, тэрнийх нь “үр хөврөл” бүхий системийн авлига. Том төсөл рүүгээ чиглэх учиртай төсвийг хүртэл нүүдэлчин ахуй шигээ тархай бутархай байдлаар зориуд хуваарилж, тэндээс тойргоо тооглодог, тендер хумсалж ирсэн нь улс төр өөрөө эрх ашгийн хамгийн том нэгдлийн таанц эргэдэг тайз, тэндээ үлддэг нуувч болсон нь гашуун үнэн юм. ЖДҮ-ээс эхтэй тэдний хулгай Хөгжлийн банк, нүүрсний хэргээр үргэлжилж, тэрбум, их наядаар хэмжигдсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш.
Мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлдэг, харсан ч хараагүй мэт хаацайлж ирсэн хандлагын гор нь бугшиж, бэтгэртэл нь бойжуулж, бөөцийлсөөр өнөөг хүргэсэн хэрэг. Хүнээр бол авлига, албан тушаалын ашиг сонирхлоор дулдуйдсан аварга том царс модыг насанд хүртэл нь улстөрчид өөрсдөө усалж, тордсон нь бас нэгэн үнэн. Яг үнэндээ Монголын Төр мориндоо мордохдоо л хазгай гишгэсэн, авлигатай анх “танилцсан” тэртээх 1990-ээд оны эхэн үеэс. Нэгэнт бүрдсэн тогтолцоог нэгжээд шинэтгэлээр өөрчлөхгүй. Ганц улстөрч гарч ирээд өнөөдөр яриад маргааш хийх хэмжээний асуудал ч биш. Нийгэм, улс төрийн зөвшилцөл, мөн дэмжлэгтэйгээр сууриар нь өөрчилж, шинэчлэх реформ. Үүнд нь хугацаа шаардлагатай.
Гагцхүү өнгөрсөн 32 жилийн хугацаанд ийм боломж бидэнд байсан уу гэвэл байлаа. АН анх удаа Засгийн эрхэнд гарсан, МАН үнэмлэхүй олонхоор засагласан, хамтарч, хоршсон он жилүүдэд хангалттай байв. Гэхдээ л тэд хийгээгүй. Хийхийг ч хүсээгүй. Өнөө маргаашийн улс төрийн эрх ашгаа нэгдүгээрт тавьснаас биш нийгмийн шинжтэй реформ гурав, дөрөв, бүр мянга дугаар асуудал байсаар бүрэн эрхийн хугацаатайгаа хамт дуусгавар болсон түүхтэй. Гэхдээ цаг цагаараа байдаггүй гэдэг үнэн болж таарсан. 2019 оны Үндсэн хуульдаа томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан ч засаглал талаасаа дутуудуулсныг ил тод шүүмжилж, тэрхүү байр суурьдаа бат зогссон улстөрч байсан нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Яг л хувь, хувьсгалын тохироо нь бүрдэнэ гэдэг шиг.
Чингэж явсаар 2023 оны тавдугаар сарын 5-нд Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлж, өөрөө чуулганы индрээс мэдэгдэл хийж байв. Тэрбээр гуравхан агуулга бүхий асуултаар дамжуулж УИХ-ын бүрдүүлж буй нийт гишүүнээс асуусан. Тэдгээр нь, ард түмний төлөөлөл иргэдийг үнэхээр төлөөлж байна уу? Хүмүүнлэг, иргэн төвтэй нийгэм цогцлоох чиг хандлага зөв явж байна уу? Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу? гэдгийг ард түмний нэрийн өмнөөс хэлсэн бас асуусан. Ардчилсан тогтолцооны амин сүнс болсон Байнгын ажиллагаатай парламентын засаглалд ард түмнээс өгөх итгэл алдуурч, асуудал нь араасаа ундарч явсан цаг үе.
Ийм нэгэн эргэлзээтэй, ээдрээтэй цаг үед сонгуулийн тогтолцоог холимог болгож УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлэх асуудлыг Үндсэн хуульд шигтгэнэ гэдэг мэдээж эрсдэлтэй. Ялангуяа Ерөнхий сайд буюу гүйцэтгэх засаглалын түвшинд. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэ нийгмийн уур амьсгалд бүхэлдээ шуурга дэгдсэн амаргүй цаг үед хөлгийн ахмадын хувиар хамгийн том гал дуудаж мэдэх улс төрийн эр зориг гаргасан, түүндээ тууштай зогссон. Мэдээж тэр нь алдаа байсангүй. Нэгдүгээрт, геополитикийн өөрчлөлт буюу олон туйлт дэлхий, хоёрдугаарт, нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах, гуравдугаарт, эдийн засгийн их үсрэлт рүү чиглэсэн түүний нүүдэл “бай”-ндаа туссан. Тусах, тусахдаа Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэйгээр бүсчилсэн хөгжлийг дэмжсэн сонгууль явуулахаар болсон нь Азидаа л улс төрийн хувьд үсрэлт байв.
Үргэлжлүүлэн багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэргүүтэй нийгмийн төлөөлөл бүрийн оролцоог хангах зорилгоор намын жагсаалтын 48 нэр дэвшигчийг “солонгоруулсан” нь улс төрийн нам, эвслийнхэнд “гэнэтийн бэлэг” байлаа. Өөрөөр хэлбэл, 100 гаруй жилийн түүхтэй улс төрийн том хүчний намын жагсаалтын өнгийг нөлөө бүхий улстөрчид биш тухайлсан салбар бүрийн мэргэжилтин, экспертүүд тэргүүлсэн нь МАН-д хэдийнэ үе солигдсоны баталгаа болсон юм. 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтаар нэр дэвшүүлсэн 48 хүний 38 нь улс төрд байгаагүй, УИХ-ын гишүүн, сайд, даргаар ажиллаж байгаагүй нь ч ард түмнээс дэмжлэг хүлээх гол шалтгаан.
Монголын парламент түүхэндээ байгаагүй олон эмэгтэй гишүүнтэй мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй болсон нь системийн суурь реформын үр дүн. Дараа, дараагийн сонгуулиар энэ үзүүлэлт улам өснө үү? гэхээс лав буурахгүй. Үүгээрээ хууль тогтоох засаглалын түвшинд намын шийдвэр давамгайлах гэхээсээ нийгмийн дуу хоолой хүч түрж, жин дарна. Тэр хэрээр УИХ, Засгийн газрын бодлого нэгжээд хэсгийн биш нийтийн эрх ашгийг хангаж, төлөөлнө. Ганцхан жишээ дурдахад 2025 оны Төсвийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх үеэр юу болж өнгөрснийг нийгмээрээ, нийтээрээ харж, сонссон нь саяхан. Өмнөх 32 жилийн түүхэндээ ч улс төр, нийгмийг хамруулах хэмжээний бодлогын мэтгэлцээн өрнөж байсангүй. Засгийн газраас боловсруулж, бүхэлд нь боож, өргөн мэдүүлсэн Төсвийг хуулийн хугацаандаа баталж, хэрэгжүүлэх үүргийг УИХ хүлээж, гишүүд кноп дардаг байснаас тэс өөр хандлага шүү.
Үндсэндээ хууль тогтоох түвшинд улстөрчид зонхилох бус нийгмийн төлөөллийн оролцоог хангах нь ямар үр дүнтэйг 126 гишүүнтэй анхны парламентаас баталсан Төсвийн төсөл харууллаа. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл гэдгийг тодотгох нь зүйн хэрэг. Цаашдаа улс орон, нийгэм, эдийн засагт хамаарах олон хуулийн төсөл, нэмэлт, өөрчлөлт Засгийн газар, парламентаар дамжиж Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлно. Тэр болгоны ард түмний төлөөлөл иргэдийг үнэхээр төлөөлж байна уу? Хүмүүнлэг, иргэн төвтэй нийгэм цогцлоох чиг хандлага зөв явж байна уу? Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу? гэсэн гурван асуулт сүүдэр мэт үргэлж дагах нь. Айдсын менежментэд дөрөөлж, аль болох гацааж, зогсоож, нурааж ирсэн томоохон мега төслүүдээс 14-ийг нь жагсааж, эрэмбэлээд түрүүчээс нь хөдөлгөхөөр болсон нь ч үүний бодит илрэл.
Нэг үгээр 2023 оны тавдугаар сарын 5-нд Үндсэн хуулийн өөрчлөлтийг Л.Оюун-Эрдэнийн улс төр зөв байсныг харууллаа. Хулгайгүй, худалгүй нийгмийг цогцлоох түүний хүсэл нь ч ийм учиртай байжээ!
Г.Эрхэс