Төр бүсээ чангалж эхэллээ

Чөлөөт зах зээл өөрийн гэсэн дүрэм бас босготой. Тэр нь их, багаас үл хамаарч ердөө л ашигтай ажиллах. Хувь, хувьсгалын оролцоо байх эсэх нь үүнд хамаагүй. Ашигтай ажиллаж гэмээнэ зах зээлийн дүрмээрээ л явж байна гэсэн үг. Угаас бичигдээгүй хууль нь ийм. Хачирхалтай нь, Монгол Улс ардчиллын замыг сонгосон өнгөрсөн 32 жилийн хугацаанд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоондоо таг гацаж, тэг зогссон нь Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд гэж байх. УИХ, нийслэл, орон нутгийн сонгуулийн цикл бүрээр удирдлагын суудалд салхи оруулж, сольдгоос бусдаар ашигтай ажилласан нь үгүй. Эсрэгээрээ Төрөөс, татвар төлөгчдийн мөнгөөр амь зогоож, алдагдлаа нөхүүлсээр өнөөдрийг хүрсэн нь олон.

Ганцхан жишээ нь Төрийн өмчит 99 компанийн 43 нь ашиггүй ажиллаж, алдагдал нь 150 тэрбумд тулжээ. Хувь үзүүэлтээрээ бараг 50 хувь нь үйл ажиллагаа явуулдаг нэрийн дор сул цалин аваад явж байгаа хэрэг. Уг нь татан буулгахыг нь буулгаад, нэгтгэж, нийлүүлэхийг нь нийлүүлэх замаар цомхон болгох шалтгаан бий юу гэвэл бий. Гэвч намын, даргын, сайдын татаастай, хамаарал бүхий этгээдийн дадлагажих газар, хатуухан хэлэхэд дамжин өнгөрөх буудал нь Төрийн өмчит компани болсонд асуудлын учиг байгаа юм. Гол нь үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг явах нь улсын төсөвт халтай, эргээд эдийн засгаа унагаах эсрдэлтэй учраас бүрэн зураглалаар нь бүтцийн өөрчлөлт хийх шаардлага бий болсон нь Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын ахалж буй Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл.

Засгийн газрын 2022 оны 35 дугаар тэмдэглэлээр цаашид Төрийн оролцоо шаардлагагүй, хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг татан буулгах, эсхүл бүтцийн өөрчлөлт хийж нэгтгэх асуудлыг холбогдох яам, агентлагийн сайд, дарга болон хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нарт даалгасан байдаг. Үндсэндээ Монголын Төр алдагдалтай ажиллаж ирсэн компаниудаа арчилж, аргацааж ирсэн хандлагаасаа татгалзах шийдвэрийг хоёр жилийн өмнө гаргасан бол албан ёсоор хуульчлах асуудал нь сайд Н.Учралын ахалсан Ажлын хэсгийн түвшинд яваа гэсэн үг. Сонирхолтой нь, энэхүү үйл явцтай зэрэгцэн “Авто импекс” хувьцаат компанийг Төрд авч, өр төлбөрийг барагдуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагуудад Хэрэг эрхлэх даргын зүгээс чиглэл болгожээ.

Үйл ажиллагаа нь зогсонги байдалд шилжсэн эл компанийн өр төлбөр жилээс жилд нэмэгдсээр 6.3 тэрбум төгрөгийн өртэйгөөр Сангийн яамны “хар данс”-нд орохдоо тулжээ. Угтаа бол Сонгинохайрхан дүүргийн ХХ хороонд байршилтай “Авто импекс” нь Сонсголонгийн зам дагуу контор, үйлдвэрлэл, үйлчилгээ, агуулахын зориулалт бүхий 41972 м.кв талбай бүхий эзэмшил газартай. Үйл ажиллагаа нь зогсож, өр төлбөрөө төлж дийлэхгүйд хүрсэн компанийн барилга, байгууламжийг газрынх нь хамт битүүмжилж, өнгөрсөн хугацаанд хоёр удаагийн дуудлага худалдаанд оруулсан ч ямар нэгэн байдлаар үнийн санал ирээгүй гэдэг.

Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар Төрд авч, хохиролгүй болгох, хураагдсан барилга, байгууламжийг цаашид хэрхэн ашиглах талаар санал боловсруулахыг холбогдох газруудад чиглэл болгосон нь энэ. Үндсэндээ олон жилийн турш огт хөдөлгөх сонирхолгүй явж ирсэн Төрийн өмчит компаниудад сууриар нь салхи оруулах асуудал ийнхүү “Авто импекс”-ийг татан буулгаж, хохирол барагдуулах үүрэг бүхий Н.Учрал сайдын үйлдлээр эрчимжиж эхлэх бололтой. Үүний араас 20 аймагт үйл ажиллагаа явуулдаг зам засвар, арчлалтын АЗЗА компаниудыг хувьчлах асуудлыг хөндөх сураг бий. Үйл ажиллагаа нь сайжирдаггүй, техник технологио шинэчилдэггүй, дарга нь дөрвөн жилд нэг удаа солигддогоос өөрөөр шийдлээ олоогүй эдгээр компанийг хувьчлах тухай яриа аль 2018 оноос гарсан ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байдаг. 

Г.Эрхэс