Г.Занданшатар: Шударга ёсны зарчим хэнд ч алагчлалгүй үйлчлэх ёстой

УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт “Хүсэлт тавих тухай” албан бичиг илгээлээ.


Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын даргад илгээсэн албан бичигтээ, Авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломжийг хууль хяналтын байгууллага олгож байгаа тухай иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилж байгаа төдийгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр бүхий албан хаагчдын авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, хэт хөнгөн ял оногдуулсан талаар мэдээлэх боллоо. Ялангуяа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг буруу хэрэглэсэн талаар шүүмж, маргаан гарч байна.

Үндсэн хуульд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, түүнчлэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим хэнд ч алагчлалгүй үйлчлэх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлж, шүүгдэгчид оногдуулах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ болон бусад асуудлын талаарх дүгнэлтээ шүүхэд гаргадаг.

Иймд олон нийтийн зүгээс гаргаад байгаа хэт хөнгөн ял оногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн гэсэн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дугээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл бий болсон эсэхийг шуурхай нягтлан үзэж, цаашид ял завшуулахгүй байх хууль зүйн бүх талын арга хэмжээ авахыг хүсье гэжээ.

Харин Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид илгээсэн албан бичигтээ,  Хууль хяналтын байгууллагууд хэргийг мөрдөн шалгах ажиллагааг удаашруулдаг, хэргийн бодит байдал, гэм бурууд нийцэхгүй ялыг шүүхээс оногдуулдаг, хүнд суртал гаргадаг, түүнчлэн шүүхээс хэрэг буцах, шүүх хурлыг удаа дараа хойшлуулдаг зэрэг нөхцөл байдлууд нь хууль, шүүхийн байгууллагуудад иргэдийн итгэх итгэлийг алдуулж, ял завшуулах үндэслэл болж байгаа талаарх иргэд, олон нийтийн шүүмжлэл тасрахгүй байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, мөн хэсгийн 4 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэж заасан, түүнчлэн дээр дурдсан хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль хэрэглээний талаар алдаа дутагдал гарсан эсэхэд дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авахыг хүссэн байна" гэжээ.