Л.Оюун-Эрдэнийн бас нэгэн ялалт!
Монгол Улсын Засгийн газраас шинэ оны босгон дээр хоёр ч томоохон хуулийн төслийг өргөн мэдүүлснийг өдгөө УИХ-аар хэлэлцэж байна. Нэг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нөгөөх нь Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай. Өргөн мэдүүлсэн автор нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тэр нь ч учиртай. Санаж байгаа бол 76 гишүүнтэй хамгийн отгон буюу өмнөх парламентын үед Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах гэж хэрэндээ талцал, тэмцэл Монголын улс төрд үүсч байв. Тэгж явсаар батлагдсан огноо нь 2024 оны дөрөвдүгээр сар. Удсан ч үгүй, удаахь сард нь Хуримтлалын санд анх удаагаа 500 тэрбум төвлөрснийг таг зогсож, тэг гацсан ипотек руу шилжүүлснээр бараг 20 мянга давсан залуусын өргөдөлд дарагдаж бас хүлээлт үүсгэсэн эл зээл эргэж “амилсан” түүхтэй.
Яг тэрхүү цаг үед Ерөнхий сайд нэгэн байр суурийг илэрхийлсэн нь “2006 онд УИХ-аар орсон стратегийн ордны жагсаалтад байсан төслүүдийг стратегийн орд биш гээд ээлж дараалан лоббидож гаргасан. Стратегийн ордуудын дийлэнх нь одоо байхгүй болчихсон. Эсвэл хэдэн хэсэг хувааж нөөцийг нь багасгадаг, Цэцэд авлигал төлж авдаг ийм л байдалтай байна. Уул уурхайн салбарын асуудалд бид хатуу бодлогоор явах ёстой. МАК компани одоо хангалттай, болих хэрэгтэй. 34 хувиа “Хуримтлалын сан” руу шилжих эрхийг өгчих. Хэрвээ үүнд асуудал гарвал стратегийн ордуудыг буцааж авах мөн хэн, хэн яаж оролцсон бэ? гэдгийг ярина шүү. Одоо хангалттай, аятайхан байгаарай. Яасан их мөнгөтэй юм бэ?” хэмээн чуулганы нэгдсэн хуралдааны индрээс эгдүүцсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байв.
Сонирхолтой нь, Ерөнхий сайдын байр суурь оргүй үг биш харин бодитой байсныг одоо УИХ-аар хэлэлцэж буй хоёр хуулийн төсөл хангалттай харуулав. Ганцхан жишээ өгүүлэхэд Үндэсний геологийн албанаас хийсэн судалгаагаар 1997-2023 оны хооронд Монгол Улсын хэмжээнд хайгуулын 14299, ашиглалтын 2518 тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Үүнээс Дорноговь, Өмнөговь аймагт хамгийн их ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Хамгийн их буюу 2053 хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн 2004 онд олгож байсан аж. Гэхдээ энэ бол мэдээллийн гол агуулга биш.
Эсрэгээрээ стратегийн орд газарт төрийн хувь эзэмшлийн хэмжээг тогтоох эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцэн ямар хэмжээний улс төр дотоодод өрнөж эхэлснийг энд дахин бичих нь илүүц. Харин агуулга нь ард түмнийг чиглэдэг ч асуудал нь хэсэг бүлгийн эрх ашгийг хөндлөө гэх шалтгаанаар өнгөрсөн хугацаанд хэчнээн хуулийн төсөл парламентын босго давж чадалгүй унасныг таашгүй. Баялгийн сантай болох “Монгол мөрөөдөл” саяхныг хүртэл гацаж, гацааж ирсэн шалтгаан нь энэ байж мэдэх. Гэхдээ л хийе хийдэг, болгоё гэвэл болгож болдгийг харуулсан хүн нь маргаангүй Л.Оюун-Эрдэнэ.
Өөрөө ч хэлдэг, өнгөрсөн 30 жилийн системийн гол гажуудал нь баялгийн тэгш бус хуваарилалт гэдгийг. Түүндээ ч бат зогссон, тэгээд тэмцсэн. Үр дүнд нь бүх нийтээрээ Үндэсний баялгийн сантай болсон. Хэдхэн хүний халаас руу орж асан байгалийн баялгийн үр шимийг түрүүчээс нь хурааж, хуримтлуулж, бас хуваариллаа. Амжилт мөн үү, мөн! Харин удаад ураныг эдийн засгийн оруулахтай холбогдуулж стратегийн орд газарт төрийн хувь эзэмшил тогтоох хуулийг төслийг өргөн барьж батлуулсан нь түүний хувьд бас нэгэн давхар нүүдэл болов.
Үндсэндээ яг дээрх агуулга бүхий хоёр хуулийн төслийг хоршуулан өргөн барих замаар стратегийн орд газарт төрийн хувь эзэмшлийг тогтоож, тэндээс “Хуримтлалын сан”-гаа арвижуулах шийдэл нь энэ гэсэн үг. Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал стратегийн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг нийт есөн эзэмшигчтэй хэлэлцээ хийхээ мэдэгдсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш ээ. Харин “Орана Майнинг” дээр оруулж ирсэн хуулийн төслийн агуулга цаашдаа загвар болоод явах Засгийн тэргүүний боловсон мессеж байх магадлал нь өндөр.
Г.Эрхэс