ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.долларт хүрэх цаг айсуй

4000 мянган ам.доллар. Сүүлийн 10 жилийн хугацаанд явж ирсэн Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ. Огт өсдөггүй, бас буурдаггүй яг л эл хэмжээнд нэгэн аравныг элээсэн хэрэг, 2022 оныг хүртэл. ДНБ өсөхгүй бол эдийн засаг тэлэхгүй, иргэдийн амьжиргааны түвшин дээшлэхгүй байна аа л гэсэн үг. Маш энгийн логик нь ийм. Гэхдээ цаг цагаараа байдаггүй гэж үнэн. Урагшаа Замын-Үүд, хойшоо Алтанбулаг гэсэн хоёрхон гарцтай Монгол Улс боомтын хүчин чадлаа сайжруулж, аялал жуулчлалаас олох орлого нэмэгдсэнээр 2023 онд ДНБ-ий хэмжээ даруй 30 хувиар нэмэгдэж 6000 ам.долларыг давсан юм. 

Үүнд эрдэс баялгийн салбарын далд эдийн засгийг хуйгаар нь ил тод болгож эхэлсэн асуудал ч хамаарна. 2024 оны гүйцэтгэлээр 6800 ам.долларт хүрэх хүлээлт бий гэдгийг Ерөнхий сайд нэгэнтээ чуулганы индрээс онцолсон. Улсын Ерөнхий сайд нь улаан цайм худал хэлэхгүй нь тодорхой учраас дээрх тоо үнэнээс хол зөрөхгүй л байх. Гэхдээ энэ бол тайвшрах шалтгаан биш. Ойрын хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх зорилт бүхий бодлого энэ Засгийн газар, Ерөнхий сайдын халаасанд яваа. Тэр нь 14 мега төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах. Үүнийгээ ч Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн чихэнд хоногштол хэлсээр удлаа.

Том төслийн сүүдэрт үргэлж том улс төр дагадаг нь бичигдээгүй хууль. Зөвхөн дотоодоос хамаарахгүй гаднын эрх ашгийг хөндөж байдаг учраас. Яг ийм шалтгаанаар он удаан жил гацсан төсөл нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам. Хамгийн 2004 онд буюу Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үеэс ярьж эхэлсэн энэ төсөл уг нь аль 2008 онд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын уулзалтаар эцэслэгдэж, төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тохиролцож байсан түүхтэй. Үүнээс таван жилийн дараа буюу 2014 онд Хятадын дарга Ши Жиньпин Монголд айлчлахдаа хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг албан ёсоор баталгаажуулаад буцсан байдаг. Харамсалтай нь, Төрийн дээд түвшиндөө харилцан тохиролцсон төсөл дотоодын улс төрөө дааж чадахгүй унаснаар тэг зогсож, таг гацсаар нэгэн аравныг үдсэн юм.

Энэ хооронд Монгол Улсад учирсан хохирлын хэмжээ даанч их. Алдагдсан боломжийн өртөг хэмээн нэрийдсэн тэрхүү мөнгөний тоо хэдэн арван их наядаар хэмжигдэнэ. Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай эхлүүлэхгүй л бол эл өртгийн хэмжээ улам нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Хохирол нь урд хөршийн биш Монгол Улсын дансанд бичигдэх болохоор улс төрийн эр зориг гаргаад ч болтугай төслийг хөдөлгөх зүй ёсны шаардлага Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний тэргүүлсэн танхимд хүссэн ч, эс хүссэн ч ирлээ.

Гэдэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурах хүлээлттэй байгаа юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хийх уулзалтын дараа энэ асуудал баталгаажина гэсэн үг.

Хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээг жилд 30 сая тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1,5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх тооцоолол гарчээ.  Эцсийн дүндээ Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргээд зогсохгүй түүнээс давуулах зорилгод энэ төсөл том түлхэц болно. Үүнээс гадна Хятадын талаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж байгаа лицензийн тодорхой ордод хувь эзэмшиж өөрсдөө давуу эрхтэйгээр олборлолт хийе гэдэг саналыг тулгаж байсан ч олон удаагийн уулзалтын үр дүнд бүрэн татгалзсан гэдэг мэдээлэл бий. Үндсэндээ хоёр талд урт хугацаанд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох, Төрийн өмчит хуулийн этгээд хооронд байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг харилцан ашигтай, нийлүүлэлт тогтвортой байх зарчмын дагуу байгуулах нь Ерөнхий сайдын ажлын айлчлалын гол зорилго. 

Ингэснээр Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэх юм. Ийнхүү 2003 оноос эхэлж, 2009 онд албажиж, 2014 онд баталгаажуулсан ч 2024 оныг хүртэл гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтаар эцэслэн шийдвэрлэгдэх нь. Үр дүнд нь ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэж, Үндэсний баялгийн сангаа арвижуулах нь. Ганц үнэн гэвэл Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нь бусад 13 мега төслийг хөдөлгөхөд хамгийн том хөшүүрэг, бас дархлаа нь болж үлдэнэ. Гол нь одоо бүх зүйл биднээс хамаарна. Юу үнэн энэ үнэн!

Г.Эрхэс