Д.Амарбаясгалан: УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна
Тэр хамтарсныхаа хариултыг өгч чадлаа!
БНХАУ-д хийх албан ёсны болон ажлын айлчлалын давтамжийг хадгалах замаар хэд хэдэн тохиролцоонд хүрч чадсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар түүхэнд үлдэх алхмаа хийлээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Харбин хотноо хийсэн түүний уулзалтын агуулга анхнаасаа олон нийтэд тодорхой бас ойлгомжтой байв. Тэр нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлах. 2004 онд анх хөндөж эхэлсэн энэ төслийг хөдөлгөх гэж 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд 60 удаагийн яриа хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, УИХ-ын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарчээ.
Ганцхан төсөлд дэндүү ахадсан зөвлөмж мөн тогтоол. Ахадсан гэхээсээ дотоодын улс төрөө дийлээгүй юм. Алдагдсан боломжийн өртгийг тооцвол 2021 оноос өмнөх Монгол Улсын хэдэн жилийн төсөвтэй дүйх хэмжээний мөнгөн дүн гарна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, намын хувьд яагаад журмын нөхдөө гомдоон барин АН, ХҮН-ыг танхимдаа урьж, Хамтарсан Засгийн газар байгуулсны бодит хариулт нь Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл болов. Угаас “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг шиг улс төрийн намууд хамтарсан үедээ л том шийдэл, шийдвэрт хүрдэг нь манайхны гэм биш зан.
Чухамдаа түүхэнд үлдэх алхам гэж зориуд тодотгосны хариултыг одоо сийрүүлэх гээд үзье. Нэгдүгээрт, энэхүү төсөл нь Монгол, БНХАУ хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээнээс хойш хийж буй хоёр дахь хил холболтын төмөр зам гэдгээрээ онцлог. Яг 70 жилийн дараа урд хөрштэйгөө стратегийн ач холбогдолтой экспортын хамгийн том гарцыг эдийн засгийн засгийн эргэлтэд оруулах ажил гараанаас гарч буй хэрэг.
Хоёрдугаарт, хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ. Өнгөрсөн жил 83.7 сая тн нүүрс эскпортод гаргасан гэж үзвэл энэ тоо 165 сая руу очиж, борлуулалтын орлого 1.5 тэрбум ам.доллароор өснө гэсэн үг. Борлуулалтын орлого өсөхийн хэрээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэнэ. “Байгалийн баялгийг ашиглах Төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” хэмээх Үндсэн хуулийн 6.2 дугаар заалт бодитоор албажиж, биеллээ олно. Олон жил ярьсан ч шийдлээ олоогүй яваа татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг ч бүрдүүлэх давуу талтай.
Гуравдугаарт, Монгол, БНХАУ-ын Ерөнхий сайд нарын уулзалтаар албажуулсан төслийн араас Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтыг төмөр замаар үе шаттай холбох суурийг тавилаа. Зүүнбаян-Ханги 226.9 км төмөр зам гэхэд БНХАУ-ын Мандал боомтоосы 10 гаруйхан км-ийн зайд байрладаг. Үндсэндээ хоёр улсын Засгийн газар хооронд тодорхой шийдэлд хүрч чадвал хил холболт хийхэд бэлэн шахуу төмөр зам. Яг л Гашуунсухайт-Ганцмод боомт шиг. Гээд харвал Харбинд хийсэн хэлэлцээр зөвхөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр дээр фокуслахгүй нь. Эсрэгээрээ дараа дараагийн боомтуудын бүтээн байгуулалтыг ажлыг эрчимжүүлэхэд нэрийн хуудас төдийгүй тогтвортой байдлын баталгаа болж үлдэх нь.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай хийсэн уулзалтынхаа дараа Монголын Ерөнхий сайд нэгэн мэдэгдлийг хийсэн нь агуулга, ач холбогдлын хувьд ч анхаарал татна лээ. Юу гэхээр “Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэж.
Үндсэндээ Хамтарсан Засгийн газраас 14 мега төслийг хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч, УИХ-ын даргын зүгээс ямар нэгэн байдлаар эрх ашгийн нөлөөлөл үзүүлэх бус харин ч нэг цонхны бодлогоор харж ажиллаж эхэлснийг Ерөнхий сайд онцолсон нь энэ. Дотоодын улс төр, ялангуяа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтдаг гурван хүний эв түнжин ямар байхаас том төслийн хувь заяа шийдэгдэж ирсэн нь Монголд бичигдээгүй хууль болтлоо дархлагдаж ирсэн асуудал. Гэхдээ энэ удаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвуулаа улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж чадсанаар 14 мега төслийн нэгдүгээрт, эрэмбэтэй Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт 17 жилийн дараа эхлэх нь цаг хугацааны асуудал болов. Улс төр тогтвортой байна гэдэг улс орон тогтвортой байна аа л гэсэн үг. Ямар ч байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН-тай хамтарсныхаа үр дүнг ийнхүү гаргаж чадлаа. Түүхэн шийдвэр мөн үү, мэдээж мөн!
Г.Эрхэс

