Хэрвээ...

Түүхэнд хэзээ ч “ХЭРВЭЭ” гэж үг байдаггүй гэлцдэг. Үнэн л байх. Яг үнэндээ өнгөрсөн болон өнөөгийн Монголын хөгжлийн зураглалаас харахад хамгийн бодитой тохирох тодорхойлолт нь эл үг. Хэрвээ өнмөх нийгмийн үед буюу аль 1968 онд ЗХУ-тай байгуулсан гэрээний дагуу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж, байгуулсан бол өнөөдрийн Монгол Улс эрчим хүчний дутагдалд орох нь битгий хэл Улаанбаатар даяараа хязгаарлалт хийж амь зогоохгүй л байв. Гэвч парламент, Засгийн газрын бүрэлдэхүүнд салхи орж ирснээс бусдаар Эрдэнэбүрэн цаасан дээрээ нэг жарныг элээсэн түүхтэй.

Хэрвээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замаар анхны хэлэлцээ хийж эхэлсэн үеэс тууштай урагшуулсан бол зөвхөн нүүрсний экспортоос олох байсан алдагдсан боломжийн өртөг 80-100 их наядаар хэмжигдэхгүй л байлаа. Өмнөхөө үгүйсгэж, баллуурдаггүй мерит зарчим Монгол Төрийн ой тоонд бага атугай байсан бол шүү дээ. Хэрвээ хоёр толгойтой тугалаар “бамбай” хийж ирсэн хэсэг эх орончдын аманд багтаагүй бол Төв Ази, Еврази төдийгүй дэлхийн түвшинд ураны ТОП-10-т багтах хэмжээний тоглогч болчихсон байх байлаа. Хил холболтын төмөр зам, ураны тухайд хөтөлгөө морь шиг 2000-аад оны үеэс эхэлсэн мега төсөл. 

Зөвхөн хил холболтын төмөр зам гэхэд 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд 60 удаагийн яриа хэлэлцээ хийж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, УИХ-ын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарч асан нь ямар хэмжээний эрх ашиг энэ төслийн ард явж ирснийг харуулна. Хоёр их гүрний дундах буфер улсын зовлон гэдэг ийм л гачлантай. Гэлээ гээд мөнхийн хөршүүдээсээ мөнхийн хараат явахын нэр бас биш. Дотоодын нөөц боломж, хоёр, гуравдагч хөршийн харилцан түншлэл, хөрөнгө оруулалт татах нь зүй ёсны шаардлага.

Хамтарсан Засгийн газраас 14 мега төслийг мөрийн хөтөлбөртөө тусгаж түрүүчээс нь шат дараатай хөдөлгөж эхэлсэн цаад шалтгаан нь ч энэ. Ямартай ч Монгол, БНХАУ хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээнээс хойш хийж буй хоёр дахь томоохон хил холболтын төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмодны боомтыг холбох эцсийн тохиролцоонд хүрч гарын үсэг зурлаа. Яг 70 жилийн дараа урд хөрштэйгөө стратегийн ач холбогдолтой экспортын хамгийн том гарцыг эдийн засгийн засгийн эргэлтэд оруулах ажил ийнхүү гараанаас гарав. Монгол Улс, Францтай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд мөн гарын зүсэг зурав. Оюу Толгойгоос хойш “Гуравдагч хөрш”-тэйгөө хийж буй хоёр дахь Хөрөнгө оруулалтын гэрээ. Эдийн засагт үзүүлэх ач холбогдлын хувьд хил холболтын төмөр зам, ураны төсөл хоёулаа адилхан түүхэн үйл явдал мөн үү гэвэл мөн.

2028 оны Үндэсний баяр наадмын үеэр ашиглалтад оруулах тооцоололтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт ирэх хавраас эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд бас нэгэн мега төслийг бодит ажил хэрэг болгохоор Хэрэг эрхлэх газрын дарга тэргүүтэй албаныхан Дархан-Уул аймагт албан томилолтоор ажиллажээ. Тэр нь жилд 1 сая тн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг түшиглэн Гангийн үйлдвэр барих Засгийн газрын тогтоолыг өнгөрсөн сард баталж, албажуулсан байдаг. Менежментийн хувьчлал нэрийн дор хувийн хэвшилд хууль бусаар шилжүүлсэн байсан “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийг 2022 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын шийдвэрээр төрд буцаан авсан юм. 

Ашигтай гэхээсээ алдагдалтай ажиллаж ирсэн үйлдвэрийг Төрд буцаан авч, удирдлагын менежментэд шинэчлэл хийснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 43,969 тн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 40 орчим мянган тн-ныг борлуулж 106,3 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” жилд 30 мянган тн ган цувимал бүтээгдэхүүн, 2.5 сая тн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлдэг. 2024 онд 292.2 тэрбум төгрөгийн орлого олж, 49.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Үүнээс улсын төсөвт 54.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн нөөц боломж, хүчин чадалд түшиглэж ээлжит нэгэн мега төсөл бүхий цогцолборыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгаж, дотоодын гангийн хэрэгцээг бүрэн хангах юм. Тэр хэрээр валютын урсгал, эдийн засгийн өсөлтийг нэмэгдэж, Үндэсний баялгийн сан жил бүр 250 тэрбум төгрөг төвлөрүүлснээр иргэдийн Хуримтлалын дансыг арвижуулна.

Ийнхүү хоршиж, хамтрах замаар хөгжлийн "газрын зураг"-аа 14 мега төслөөр тодорхойлсон Л.Оюун-Эрдэнийн танхим хагас жил хүрэхгүй хугацаанд хоёр ч түүхэн гэрээнд гарын үсэг зураад зогсохгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гангийн үйлдвэр тэргүүтэй ээлжит мега төслүүдээ гараанаас хөдөлгөхөөр болж байна. Түүхэнд хэзээ ч хэрвээ хэмээх өнгөрсөн цаг байдаггүйтэй адил томоохон мега төслүүд энэ Засгийн өнгөн дээр эдийн засгийн эргэлтэд орохоор болсон нь монголчуудын хувьд маргаангүй зол юм. Энэ Ерөнхий сайд, тэргүүлдэг танхим нь, тэнд суугаа сайд нар нь эхлүүлсэн ажилдаа эзэн болж түүндээ тууштай зогсох эсэхийг гагцхүү цаг хугацаа л харуулах нь!

Г.Эрхэс