1072 хувьцааг өвлүүлэх сураг

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баярын тэргүүлсэн Засгийн газрын үед хувийн хэвшлийн эзэмшилд явсан тусгай зөвшөөрлийг Төрд буцаан авснаар Тавантолгой хэмээх коксжих болон эрчим хүчний нүүрсний арвин нөөц бүхий дэлхийн энтэй ордыг монголчууд бултаараа мэддэг болж байв. Удалгүй Сү.Батболдын танхимаас иргэн бүрд эхлээд 536 үргэлжлүүлэн 536 нийт 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэж байлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын иргэнд эзэмшүүлэхээр тогтсон нь энэ. Тэр үед Монгол Улсын нийт хүн амын тоо хаараахан гурван саяд хүрээгүй байсан үе. Гэхдээ Сү.Батболдын Засгийн газраас 1072 хувьцаагаа нэг сая төгрөгөөр солих эсвэл сургалтын төлбөрт суутгах гэсэн хоёр сонголтыг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон оюутнуудад өгсөн түүхтэй. Сая төгрөгөө авах нь байхад сургалтын төлбөрөө төлүүлэх хэсэг нь ч бас байлаа. 

Гэвч ирээдүйд олборлох нүүрсээ барьцаалж БНХАУ-ын “Чалько”-гоос авсан 350 сая ам.долларын зээл 2012-2017 оны хооронд Тавантолгой, түүнээс ногдол ашиг хүртээх зорилготой 1072 хувьцааг бүхэлд нь буланд шахаж, бүр амыг нь “таслах”-д хүргэсэн түүхтэй. Өнөөдрийнх шиг буюу зөвхөн 2024 оны цэвэр ашиг нь татварын дараах байдлаар буюу 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх жилээс 1.3 их наядаар давсан үзүүлэлтийн хажууд хумсын толионд ч хүрэхгүй орлоготойгоор дөнгөн данган үйл ажиллагаа явуулж асан гэсэн үг. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэгчээр таван жилийн турш коксжих нүүрсээ сорчлон олборлуулсаар 2017 оны гуравдугаар сард төлж дуусгасан юм. Гагцхүү тэр үетэй харьцуулахад өнөөдрийн түвшин мэдээж өөр. Сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2023 онд 3.2 их наяд, 2024 онд 4.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан нь үүний бодит баримт.

Улмаар 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 130 мянган төгрөг олгож, үлдсэнийг энэ сард болон ирэх дөрөвдүгээр сард тэнцүү хувааж олгохоор болов. Үндэсний баялгийн сангийн хуулиа баталж, иргэн бүрд Хуримлалтын данс үүсгээд зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаас хувь хүртэх нь баялгийн тэгш хуваарилалт мөн үү гэвэл мэдээж мөн. Гэхдээ төдийгөөс өдий хүртэл ганц асуулт дагаж ирсэн нь 1072 хувьцаа өвлөгдөх эсэх хүлээлт байсныг энд тодотгох нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, анх хувьцаа эзэмшүүлсэн 2011 оноос хойш нийт 108 мянга орчим хүн нас барсан статистик бий. Үүнээс үүдэлтэй 1072 хувьцаатай гэр бүлийн хэн нэгэн гишүүн нь нас барсан тохиолдолд тэр нь шууд Төрийн эзэмшилд очдог гэсэн ойлголт нийгэмд байдаг нь нууц биш. 

Гэвч тийм биш хувьцаа нь ч, ногдол ашиг нь өнөөг хүртэл хадгалагдаж үлдсэн талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн холбогдох албан тушаалтан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Нэг үгээр Төрийн сан дахь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд нас барсан хүмүүсийн ногдол ашгийн мөнгө хадгалагдаж байгаа аж. Санаж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн өмнөх Засгийн газрын үед Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж асан Д.Амарбаясгалан нэр бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулснаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд  төрсөн Монгол Улсын иргэн бүр шинээр “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны эзэмшигч болсон байдаг. Ингэснээр 12 хүртэлх насны 893 мянган хүүхэд хувьцаа эзэмшигч болсон тоо бий. Үндсэндээ Монгол Улсын нийт хүн амын 90 гаруй хувь буюу 3.4 сая иргэн хувьцаа эзэмшигч болсон нь энэ.

Харин энэ удаад ногдол ашгаа хүртэж чадалгүй нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлж болох тухай агуулгыг Монгол Улсад үнэт цаасны хадгаламжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 100 хувь Төрийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөл хөндсөн нь зүгээр ч мессеж биш болов уу. Эсрэгээрээ Төрдөө худалдахаас өөр хэлбэрээр захиран зарцуулах эрх нь хуулийн хоригтой 1072 хувьцааг өвлүүлэх замаар үр хүүхдэд нь ногдол ашиг хүртээх шийдлийг энэ Засгийн газрын үед эрэлхийлж эхэлсний дохио байж мэднэ.  

Үндсэндээ хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас боловсруулсан төслөө УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх нь цаг хугацааны л асуудал байх нь. УИХ-аас эцсийн шийдвэр гарсны даруйд дагалдах журмуудыг холбогдох газраас гаргаснаар “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг ар гэр нь өв замгамжлах, цаашлаад ногдол ашгийг хүртээд явах эрх нээлттэй болно гэсэн үг. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс нотариатын байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, бэлтгэлээ базааж эхэлсэн нь 1072 хувьцааг өвлүүлж үлдээх эсэх нь ойрын хугацаанд ажил хэрэг болохыг илтгэж буйгаас өөрцгүй юм.

Г.Эрхэс