Урагшлах уу, ухрах уу гэдгийг ухаан л мэдэх нь!

УРАН. Цайвар саарал өнгөтэй, хялбар боловсруулагддаг, харьцангуй зөөлөн, агаарт ислээр бүрхэгдэн харалдаг металл. 1789 онд өнөөгийн Чех улсын нутагт орших Йоахимс хэмээх мөнгөний уурхайд германы химич Мартин Хайнриx Клапрот (М.Г.Клапротом) нь анх нээжээ. Харин 1896 онд Францын хими-физикч Мари Кюри (А.Беккерель 1896 он) ураныг цацраг идэвхт шинж чанартай болохыг анх илрүүлжээ. Танин мэдэхүйн хувьд ураны тухай ойлголт иймэрхүү. Харин шинжлэх ухаан талаасаа тэс өөр.

Ердөө дөрвөн хувь хүртэл баяжуулсан 1 кг ураныг бүрэн шатаахад 100 тн сайн чанарын нүүрс, 60 тонн газрын тостой тэнцэх хэмжээний эрчим хүч ялгаруулах технологи дэлхий дахинд нэвтрээд удаж байна. Цөмийн эрчим хүчний станцын үндсэн түлш болох Уран-235 (235U) нь бүрэн шатдаггүй. Ураны ашигласан түлшинд боловсруулалт хийсний дараа дахин ашиглах боломжтой гэдгээрээ онцлог. Энэ нь ирээдүйд цөмийн түлшний хаалттай цикл рүү бүрэн шилжихээс гадна энэ үед хог хаягдал үүсэхгүй гэсэн үг. Үндсэндээ цөмийн эрчим хүч нь энэ салбарын шилжилтэд маш чухал ач холбогдол бүхий үүрэгтэй яваа нь энэ. 

Өмнө нь Франц, АНУ, Хятад, Орос тэргүүтэй орнууд энэ салбарын голлох тоглогчид байсан бол нийт иргэдийнхээ дийлэнх, олонхийн саналаар цөмийн станцтай болох шийдвэр гаргаснаараа Казахстан багтах эсэх нь цаг хугацааны асуудал болов. Харин Монголд тийм боломж бий юу? Мэдээж байгаа. Тэр нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо төсөл. Толгой компани нь Францын Төрийн өмчит “Орано майнинг”. 1996, 1997 оны үед Казахстантай хамт эхлүүлсэн эл төслийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхгүй талаас нь хэрэлдэж, уралцсаар хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үр дүнд эцэслэсэн нь хоёр жилийн өмнөхөн. 

Түүнээс хойш Монголын Засгийн газар, Францын талтай олон удаагийн уулзалт, хэлэлцээ хийсний хүчинд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь өнгөрөгч нэгдүгээр сарын үйл явдал. Ингэж Оюу Толгойгоос хойших “Гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалттай хоёр дахь мега төсөл Монгол Улсад хэрэгжихээр болсон нь бүс нутагтаа, төдийгүй дэлхийд том тоглогчийн байр суурь эзлэх замыг зассан юм. 

Уг нь Зөөвч-Овоо бол дэлхийн томоохон  10 ордын нэг. Хоёр улсын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлд том тоглогч болох амбийцтай. Өөрөөр хэлбэл, Франц улс Монголд ураны төслийг албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон нь гадаад хөрөнгө оруулагчдад эерэг дохио, басчхүү ОХУ, БНХАУ гэсэн хоёр их гүрний дундах “Гуравдагч хөрш”-ийн дархлааг бий болгосноороо онцлог. Үүнийгээ дагаад Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр манайд нутагшина. Гэвч дотоодын улс төр, мяграшгүй тэмцэгчдийн “хөл”-д эл төсөл дахин гацаанд орох вий гэсэн болгоомжлол хүссэн ч, эс хүссэн ч үүсэв.

Бодит үнэн гэвэл уран олборлолтоос болж хүн, мал, амьтан хордож гамшгийн хэмжээнд хүрсэн тохиолдол дэлхийн хаана ч үгүй. Хоёр толгойтой тугал, хордсон нутаг гэж хэчнээн ч жил хашгирав. Баттай баримт, нотолгоо гаргаж тавих нь битгий хэл байгаль орчин гамшгийн хэмжээнд хүрсэн асуудал гараагүй. Үндсэндээ уран бол манайд шинэ зүйл биш. Эсрэгээрээ аюултай, аймшигтай гэсэн айдсын менежмент энэ 20 гаруй жилийн хугацаанд өндрөө авчээ. Уран олборлолтоор зэргэлдээх Казахстантай өрсөлдөөд зогсохгүй атомын цахилгаан станц ч барьж болох хангалттай хугацаа. 

Угтаа бол нүүрс, алт, зэс тэргүүтэй бусад ашигт малтмалаас уран олборлолт асар зөрүүтэй. Газар доор уусган олборлох арга буюу уран үүссэн аргаар нь буцааж олборлохоороо онцлог. Дэлхий дахинд ийм аргаар олборлоод 60 гаруй жил өнгөрч байна. Тэглээ гээд орчин тойрноо бохирдуулсан, хүн, мал хордсон зүйл лав гарсангүй. Монголд ч, Зөөвч-Овоо төслийг хэрэгжүүлэхэд ч мөн адилхан газар доор уусган олборлох аргыг ашиглана. 

Ямартай ч, төслийг хэрэгжүүлэх албан ёсны гэрээнд холбогдох албаныхан гарын үсэг зурсан болохоор хөрөнгө оруулагч Францын талаас ирэх зургаадугаар сараас зам, цахилгааны шугам татах, компанийн болон гэрээлэгч аж ахуйн нэгжийн ажилтнуудын ажиллаж, амьдрах суурин кэмп барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. 

Үүнийг дагаад эх оронч нэрийн халхавчилсан үндэсний тэмцэгчдийн эсэргүүцэл улам лавшрах нь мэдээж. Гэлээ гээд хоёр улсын Засгийн газар, бүр Төрийн тэргүүн нарын хооронд тохиролцож, гар барьсан ураны төслөө урьдынх шигээ унагаахын нэр биш. Үндсэндээ урагшлах уу, ухрах уу гэдгийг төдийгөөс өдий хүртэл Ажлын хэсгийг ахалж, хуулийн болон Хөрөнгө оруулалтын гэрээг батлуулсан Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын ухаан л мэдэх нь!

Г.Эрхэс