Э.Гэрэлт-Од: Парламент бол нийгмийн зөвшилцлийг хангах төлөөллийн төв байгууллага

Монгол Улсын Боловсролын их сургуулийн  Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн улс төрийн судлалын доктор, дэд профессор Э.Гэрэлт-Од “Монголын парламентын хөгжил ба сонгуулийн тогтолцооны сорилтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Тэрбээр илтгэлдээ ардчилал ба парламент, Монголын сонгуулийн тогтолцооны түүх, парламентын хөгжил, сонгуулийн тогтолцооны сонголт, үр дүн, анхаарах асуудлыг хөндсөн байлаа.

Тэрбээр, Парламент бол нийгмийн зөвшилцлийг хангах төлөөллийн төв байгууллага гэдгийг дурдаад сүүлийн үед  парламентыг "Ард түмнээс чөлөөт, шударга сонгуулиар сонгогдсон төлөөлөгчдөөр бүрдсэн, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хянах, олонхын засаглалыг баталгаажуулахын зэрэгцээ цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг институци" гэж тодорхойлдог болсон гэж байлаа.

Олон улсын парламентын холбоо нь дэлхийн парламентуудын хамтын ажиллагааг дэмждэг хамгийн том байгууллага бөгөөд парламентын ардчиллыг бэхжүүлэхийн тулд парламентын чадавх, бие даасан байдал, төлөөллийн тэгш байдал, иргэдтэй харилцах, олон нийтийн оролцоог хангах, тогтвортой хөгжил ба хүний эрх, шударга, хариуцлагатай парламент гэсэн асуудалд голлон анхаардаг гэдгийг тодотгосон.

Түүнчлэн Монгол Улсын сонгуулийн тогтолцооны түүх, сонгуулийн тогтолцооны сонголт, Улсын Их Хурлын гишүүдийн тоо болон төлөөлөх чадвар, Улсын Их Хуралд сонгогдсон  улс төрийн нам, гишүүдийн мэргэжил, хүйсийн төлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Илтгэлд цаашид Улсын Их Хурал гишүүдийг чадавхжуулах, парламентын ил тод байдлыг дэмжих, хяналтын тогтолцоог сайжруулах замаар иргэдийн парламентад итгэх итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн иргэдийн парламентын боловсрол, оролцоог хөхиүлэн дэмжих, иргэний нийгмийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс төрийн нам, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн санхүүжилтийг ил тод болгоход анхаарах шаардлагатай хэмээн дүгнэсэн байлаа.