Г.Занданшатар: Төрийн үйлчилгээний давхардлыг арилгахад цомхотголоо чиглүүлэх шаардлагатай
Ерөнхий сайд Г.Занданшатар “Нийслэлийн агаар, хөрсний бохирдол ямар хэмжээнд хүрснийг хүн бүхэн мэдэж байгаа. Засгийн газраас орон сууцжуулалтын банк байгуулах санаачилга гарган, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг 80 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр 260 гаруй мянган иргэн гэр хороололд амьдарч байгаа тул орон сууцжуулалтын банк байгуулж, барилгын салбараа дэмжихийн зэрэгцээ хямд өртөгтэй орон сууц барьж, нийлүүлэлтийг сайжруулах замаар үнийн өсөлтийг хязгаарлах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан цогц хөтөлбөрийг боловсруулж, удахгүй Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” хэмээн хариулав.
Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд хүний хөгжил манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байна гэсэн атлаа төрийн албан хаагчдын 9.0 хувийн цомхотголд орон нутагт арай ядан тогтоон ажиллуулж буй албан хаагчдыг хамруулж буй нь хэр оновчтой шийдвэр эсэхийг хөндсөн юм.
Иргэдэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж буй төрийн үйлчилгээний чиг үүргийн давхардлыг арилгах, нэн ялангуяа дарга нарын тоо, төсвийг бууруулах чиглэлийг яамдад өгсөн. Гэхдээ иргэдэд үйлчилдэг ажилтнуудыг биш, төрийн үйлчилгээний давхардлыг арилгахад цомхотголоо чиглүүлэх шаардлагатайг үүрэг болгосон гэж Ерөнхий сайд хариуллаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлаас 2026 оны жилийн төлөвлөгөөг батлахдаа төрийн албан хаагчдын орон тоог 9.0 хувиар бууруулахаар тусгасан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын тоог бууруулахдаа дарга нараас эхэлье гээд, яамдын газар, хэлтсийн дарга нарын тоог 30 орчим хувиар цөөрүүлсэн. Мөн Засгийн газрын харьяа агентлагуудын газар, хэлтсийн дарга нарын тоог нэлээд өндөр хувиар цөөлсөн. Харин жирийн албан хаагчдыг эхний ээлжинд цомхотгохгүй байх, улмаар ажлаас халагдсан, тэтгэвэрт гарсан, жирэмсний амралттай, өөр ажилд шилжсэн хүмүүсийн оронд хүн нөхөж авахгүй байх зохицуулалт хийхийг чиглэл болгосон гэх нэмэлт тайлбарыг өглөө.









