Ж.Энхбаяр: Эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах хэмжээнд хүрлээ
Логистик, стандартын хаалтууд 10-15 хувь буурна
Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үдээс өмнө хэлэлцэж эхэлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан явуулсан юм.
Үдээс өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүд худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч, үг хэлж эхэлснийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Д.Ганмаа, Ч.Номин, Г.Лувсанжамц, Д.Батбаяр, Ж.Золжаргал, Н.Номтойбаяр, Ж.Алдаржавхлан, Б.Пунсалмаа, Б.Жаргалан, Х.Баасанжаргал, Д.Энхтүвшин, Б.Бейсен нар дотоодын үйлдвэрлэл, бизнесийг хамгаалах хариу арга хэмжээ, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, Евразийн орнуудад сууж байгаа манай улсын Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчдийн газруудын ажлын үр дүнг хэмжихэд эдийн засгийн өгөөжийн үзүүлэлтийг тооцох, хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд үндэсний үйлдвэрлэгчдийн бэлэн байдлыг хангах, гаалийн орлогыг бууруулахгүй байх бодлого, зөвхөн хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хязгаарлахгүй үндэсний үйлдвэрлэлийн гол нэрийн бүтээгдэхүүн болох цемент, базальт, төмөрлөг зэрэг эрдэс чулуулгийн бүтээгдэхүүнийг хэлэлцээрт хамруулах, дотоодын бүтээгдэхүүний өртгийг бууруулах үүднээс татварын реформ хийх, стандартыг хангуулах, санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх, гадаад худалдааны тэнцлийг хангах, чадвал ашигтай хэмжээнд хүргэх, худалдааны дэд бүтцээ сайжруулах болон бусад бэлтгэлийг хангах талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Геополитикийн эгзэгтэй нөхцөл бүхий энэ үед үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж шинэ зах зээлийг бий болгох, хэлэлцээрт хамаарахгүй бусад улс орнуудтай явуулах худалдаа, эдийн засгийн харилцаанд ямар нэгэн хориг, хязгаарлалт үүсгэхгүй байх зэрэг олон асуудалд ач холбогдол өгч байгаагаа Улсын Их Хурлын гишүүд илэрхийлж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид Евразийн улс орнуудтай худалдаа хийх бэлтгэл, стандартын шаардлагыг хангаад байгааг Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр дурдаж, транзит тээвэр болон бусад улстай хийх худалдаанд хязгаарлалт тогтоохгүйг болон хэлэлцээрийг жил бүр дүгнэж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулан хэлэлцүүлж, мөнхүү жил бүр төлөвлөгөө гаргаж ажиллана гэдгийг хэлсэн юм. Үндэсний бүтээгдэхүүний экспортод квот тогтоохгүй байх, төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлнэ гэдгийг сайд нар болон ажлын хэсгийн гишүүд хэлж, хэлэлцээрийг хэрэгжүүлснээр мах, арьс шир, ноос ноолуур зэрэг 367 мөр барааны экспортод тавих хязгаарлалт, мөн логистик, стандартын хаалтууд 10-15 хувь буурна гэдгийг онцолж байлаа.