Ж.Эрдэнэбат: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зогсохгүй. МАН дангаараа шийдэх боломжтой

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчөөс хүргүүлсэн саналыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас зарим асуултад хариулт авлаа.


-Ерөнхийлөгчөөс УИХ-д хүргүүлсэн санал дээр МАН-ын бүлгийн гишүүд зарчмын зөрүүтэй байр сууриа илэрхийлж эхлээд байна. Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн төсөл гэж байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн саналд ямар байр суурьтай байгаа вэ?

-2012, 2016 онуудад ард иргэдтэй уулзахад пропорцианаль систем буюу намын ард нуугдаж байгаад, хаалгаар гарангуутаа тооноор ороод ирдэг байдал огт байж болохгүй гэж бүгд л шүүмжилж байсан. Гэтэл үүнийг Үндсэн хуульд тусгавал мөрдөөд явахаас өөр аргагүй болно. Нэгдүгээрт, үүн дээр ард иргэдийн санал эргэлзээтэй байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоё гэсэн санал байгаа. Энэхүү ордонд Засгийн газар, УИХ цугтаа байдаг. Та бүхэн мэдэж байгаа, 76 гишүүн энэ ордондоо яажшуухан байдаг билээ. Тэгэхээр миний хувийн байр суурь бол гишүүдийн тоог нэмээд хэрэггүй. Пропорцианаль системээр сонгогдсон гишүүдийн хувьд ард түмнээс сонгогдсон гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Төрийн төлөөлөлтэйгээ уулзах сонирхол ард түмэнд байдаг.

-Олонхийн бүлэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй бол энэ төсөл гацаанд орно гэсэн яриа байна?

-Манай намын гишүүд хоорондоо тохиролцоод явахад зогсох эрсдэл байхгүй. Ямар ч эрсдэл байхгүй. Манай нам дангаараа шийдэх боломжтой. Харин нэг нам дангаараа шийдэж байна гэсэн шүүмжлэл байж болох юм. Түүнээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл зогсоно гэсэн зүйл байхгүй.