Х.Нямбаатар: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн оролцоо бий

Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар дараах тодруулгыг авлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг чуулганаар хэлэлцэх гэж байна. Сая МАН-ын бүлэг хуралдсан юу хэлэлцэв?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн долдугаар сард судалгаанд оролцогчдын 78 орчим хувь нь дэмжсэн. 1992 онд Үндсэн хууль батлагдах үед манай улсын нийгэм, эдийн засаг, олон улсын харилцаа, эдийн засгийн цар хүрээ ямар байсан гэдгийг иргэд хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгож байгаа. Тиймээс цаашид хөгжлийн Үндсэн хууль руу нэг алхам алхахын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэж 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж сонгуульд оролцсон. Энэ хүрээнд 2016 оноос хойш олон судалгаа, зөвшилцөлд зэрэг олон арга хэмжээ хийгдсэний үндсэн дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хоёрдугаар хэлэлцүүлгийнхээ шатанд явж байна. МАН-ын бүлэг таван өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн зөвшилцлийн саналыг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зөвшилцлийн саналыг авахгүйгээр МАН-ын 64 дангаараа хэлэлцүүлж болдоггүй юм уу гэсэн саналыг асууж байна. Ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогдсон субъект тул Үндсэн хууль зөвшилцлийн баримт бичиг байх учиртай. Тиймээс уг оруулж ирсэн санал дээр зөвшилцөж, үүний үндсэн дээр Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Үндсэн хууль батлагдсан тохиолдолд хориг тавих эрх нь нээлттэй. Тиймээс хоригийг хүлээн авахгүй байж чадах уу, үгүй юу гэдгийг бодох учиртай. Мөн хууль батлагдах хэд хэдэн процесст Ерөнхийлөгчийн оролцоо бий.

-МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийг хүргүүлсэн саналыг тав хоног хэлэлцсэн гэж байна. Шийдэлд хүрч чадав уу?

-Ерөнхийлөгчөөс гишүүдийн тоог 108 болж нэмэгдүүлэх ингэхдээ 54, 54-өөр нь можаритар, пропорциональ хэлбэрийг оруулж ирье гэдэг санал ирсэн. Харин гишүүдийн тоог 108-д хүргэх саналыг хүлээж авахгүй байя гэдэг санал гарсан. Үүний оронд 99 гишүүтэй байвал яасан юм. Нэг хүний жин дарах хувь хэмжээг багасгая. Хувийн ашиг согнирхлыг багасгая. Томоохон компаниудын Их Хуралд дахь нөлөөллийг багасгая гэдэг агуулгыг тал талаасаа ярилцаж байна. Өнөөдөр хэдхэн том компаниуд парламентад арван хэд, арван хэдэн гишүүд оруулж ирээд шийдвэр гаргалтад нөлөөлдөг явцуу ашиг сонирхол байгааг бүгд мэдэж байгаа. Томоохон компнийн ТУЗ-ийн гишүүн, дэд захирал байсан хүмүүс олноороо парламентад сууж байна.

Тэгэхээр эдийн засаг, бизнестэй холбоотой алив шийдвэр дээр томоохон компанийн нөлөө орох вий гэдгээс болгоомжилж, сэрэмжлэх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гурван үндсэн лоозонтой явагдаж байна. Нэгдүгээрт, хяналт. Хоёрдугаарт, тэнцэл. Гуравдугаарт, хариуцлага. Жижиг тойргоос сонгогдсон гишүүд улсын төсвийг хэлэлцэхээр яадаг вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үе үеийн сангийн сайдууд зөвхөн өөрийн тойрог, нутаг руу төсвийн хувиарлалтыг хийдэг. Гишүүн бүр өөөрийн тойрог дээр төсөв тавиулъя гэдэг зүйлийг ярьдаг. Бид нар том тойргоос 20 гаруй гишүүд ард түмнээс санал авч сонгогдвол нийтлэг эрх ашиг гэдэг зүйл бий болох юм болов уу гэдэг байр суурьтай байна.

2011 оноос хойш манай улсын эдийн засаг дорвитой тэлэхгүй байна. Учир нь тойрог руугаа чиглэсэн популист улс төр рүү илүү чиглээд байдаг. Нийтлэг эрх ашиг, улс орны эдийн засгийг 10, 20 дахин тэлэх асуудал дутмаг байна. Хэрэв нгэж чадвал бүх асуудлыг шийднэ. Удахгүй ирэх оны төсвийг есдүгээр сард өргөн барьж, аравдугаар сараас хэлэлцээд л эхэлнэ. Гэтэл улсын төсвийг том фракцтай лобби бүлэгтэй гишүүд тойрогтоо авдаг. Сүүлийн 27 жил ийм л чөтгөрийн тойргоор явлаа.

-Магадгүй Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй гэсэн шийдвэр олонхиороо гарчихвал яах вэ?

-Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал цаашид явахаа байх эрсдэл гарна. Гэтэл бид чинь ард түмэндээ тангараг өргөсөн улс шүү дээ. Судалгаанд оролцогчдын 78 хувь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжинэ гэдэг маш том үзүүлэлт. МАН-ын бүлгийн ажлын хэсгийн гишүүд энэ зун амралгүй ажллаж, бүх талаас нь шүүн тунгаалаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ард нийтээс асуух эсэхийг санал хураалтаар шийдье гэж ярьж байна. Ард нийтийн санал асуулгыг огт явуулахгүй байя гэдэг блгийн шийдвэр гараагүй. Тэгэхээр тал талаасаа бодож, зөвшилцөл хийх ёстой. Хэн нэгэн хүч түрэх нь чухал биш.

-Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ гэсэн гурван институци хоорондоо зөвшилцөж байж, дараа нь ард түмнээсээ санал асууя гэсэн байр сууртай байгаа гэсэн үг үү?

-Тийм. Энэ зөвшилцөл цаашид үргэлжлэх ёстой. Хамгийн гол нь миний хэлээд байгаа зүйл бол том компанийн эрх ашгийг төлөөлөхгүй гэдэг асуудал. Тухайлбал, Оюутолгойн асуудлыг олон жил ярилаа. Тухайн үед бас л лобби явагдсан. Тиймээс зөвхөн жалга довын үзлээ орхих хэрэгтэй.