Дур зоргын эсрэг сөрөн зогсох гол хүч нь “Эцэг хууль”

Хөдөлмөрийн баатар Б.Чимид гуай нэгэнтээ хэлсэн байдаг юм. “Үндсэн хууль Таны төлөө, иргэн бидний төлөө засаг, төрийн байгууллагын дур зоргын эсрэг сөрөн зогсдог гол хууль юм. Иймд түүнээс хөндий байж болохгүй” гэж. Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч хүний амнаас гарах үг, өнөөгийн цаг үед тохирох хамгийн ханатай байр суурь. Яг үнэндээ Монгол Улсыг нийгэм, эдийн засгийн нэн шинэхэн тогтолцоонд хөтөлсөн 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтал, үнэт зарчим нь ийм. 

Гэвч өнгөрсөн 30 жилийн хугацаанд “Эцэг хууль”-ийн суурь агуулга болсон эл үзэл санаа бодит хөрсөн дээр буусан уу гэвэл үгүй. Төдийгөөс өдий хүртэл Төрийн байгуулал бүтэц, түүгээр дамжин боловсруулсан, бас хэлэлцэж баталсан хууль, тогтоомж бүрийн ард ардчилсан тогтолцооны амин судас болсон хүний эрх, эрх чөлөө рүү халдсан, хязгаарласан, хориг саад болохуйц дүрэм, журам давамгайлах болсоор удлаа. 

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 278 хуулийг хиймэл оюун ухаанаар шинжилж үзэхэд эдийн засгийн эрх, эрх чөлөөнд хүндрэл үүсгэдэг 228, шууд зөрчдөг 110 хууль байгааг илрүүлсэн нь үүний бодит хариулт. Хуулиас давсан журам гэдэг нь энэ. Уг нь Үндсэн хууль гэдэг төрд илүү эрх мэдэл олгосон бус, иргэнд эрх олгосон суурь хууль. Төр гайхамшиг бүтээж чадахгүйгээс хойш иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хавчин боогдуулсан дүрэм, журмыг гаргаад байж болохгүй гэсэн үг. Үндсэндээ хуулиас давсан журам бүрээс иргэдээ чөлөөлөх ёстой юм.

Гагцхүү түүнийг хэн, хэрхэн, яаж хийх вэ? Хариулт нь маш энгийн. Энэ парламент, түүнийг бүрдүүлдэг 126 гишүүнтэй танхим хийх учиртай. Тэр тусмаа УИХ-д олонхийг бүрдүүлж буй эрх баригч МАН-ынхан. “Ардын Нам ард түмнээсээ алсарсан байна. Тиймээс ард түмний итгэлийг эргээд олж авах ажлуудыг хийж эхлүүлэх хэрэгтэй” гэдгийг УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал зүгээр ч нэг хэлчихээгүй. Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэн болгоны эдлэх ёстой 18 үндсэн эрх, эрх чөлөө хуулиас давсан журам бүрийн өмнө очоод хана мөргөж, бүр бүдэрч байгааг хэлсэнтэй агаар нэг байр суурь. 

Үүнийг засаж, залруулахгүйгээр, өөрчилж, халахгүйгээр өнөөдрийн дүр зураг бахь байдгаараа үргэлжилнэ. Зөвхөн хүнс, хөдөө аж ахуйн салбарт гэхэд 19 бичиг олж авахын тулд 138 шат дамжихаас эхлээд дээс томдог үлгэр шиг юм болдог нь энгийн үзэгдэл болсон нь үүний нэгээхэн жишээ. Угтаа бол Зөвшөөрлийн тухай хуулийг 2022 онд шинэчилж, 1000-ыг 381 болгож цөөлсөн ч эсрэгээрээ хүнд суртлын цаас нэмэгдсэнийг бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжлэл 30, сертификат 9 болж зүсээ хувиргаснаас харж болно. 

Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цуцалж, чөлөөлөхгүйгээр хэн нэгэн шүүмжилж, шүгэл үлээснээр шийдэгдэх асуудал мэдээж биш. Хууль бол хууль. Цагаан дээр хараар юу гэж бичсэн байна хэн бүхэн түүнийг дагаж, мөрдөх бүр биелүүлэх учиртай. Харин түүнийг нь Н.Учрал УИХ-ын дарга, МАН-ын даргын хувиар “Чөлөөлье” санаачилга дэвшүүлэх замаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 100 гаруй журмыг цуцлахаар парламентын түвшинд хэлэлцүүлж эхэлсэн нь Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойшхи 34 жилийн босгон дээр бас нэгэн дэвшил болов. 

Хүндээ биш тогтолцоондоо бугшсан элдэв хүнд суртлаас чөлөөлөх уг асуудал нь хуулиас давсан журмуудыг цуцлахаас эхэлнэ гэдгийг УИХ-ын дарга онцолж, тодотгоод байгаа хэрэг. Лав л өөрийнх нь тугаа болгосон “Чөлөөлье” санаачилгын хүрээнд алтан нарны илчийг журамласан 15 зөвшөөрлийг түрүүчээс нь цуцаллаа. Ингэснээр 20 кВт-оос доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүч ашигладаг айл өрхийг бүхэлд нь зөвшөөрлийн дарамтаас чөлөөлөгдөв.

Үндсэндээ Төр зохицуулагч болохоос өрсөлдөгч биш гэдэг нь “Чөлөөлье” санаачилгын гол хэмжүүр. Төр хуулиар зохицуулж, стандарт тогтоодог болохоос өөрийн тоглоомын дүрмээрээ хувийн хэвшилтэйгээ, иргэнээсээ илүү давуу эрхтэй бизнесийн өрсөлдөгч, зах зээл, ашиг орлого булаагч биш гэсэн том агуулга эл санаачилгын фон. 

Бүрэн зураглалаараа “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, шийдвэрлэх нь энэ парламентын хамгийн том “чөлөөлөлт”-ийн нэг байх болно” хэмээн мэдэгдсэн спикер Н.Учралын байр суурь дур зоргын эсрэг сөрөн зогсох гол хүч нь “Эцэг хууль” гэдгийг хууль тогтоох дээд байгууллагын гишүүд төдийгүй энэ Засгийн газарт өгч буй боловсон хэрнээ хатуухан сануулга болов. 

Том зургаараа “Ардын Нам ард түмнээсээ алсарсан байна. Тиймээс ард түмний итгэлийг эргээд олж авах ажлуудыг хийж эхлүүлэх хэрэгтэй” хэмээж асан түүний үг УИХ-ын танхимаас гарах шийдвэр бүрийн ард Үндсэн хуулийн агуулгаас давсан журам байх ёсгүй гэж хэлсэнтэй утга нэг юм. 

Г.Эрхэс