Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн М.Мандхайг сонголоо

“Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Б.Бейсен дарга төслийн талаар танилцуулсан юм.

Уг тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож буй дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдвээр 2026 оны 9 дүгээр сарын 28, 29-ний өдөр зохион байгуулахаар, тус сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн М.Мандхайг сонгохоор тусгажээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг сонсголыг 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах боломжтой эсэхийг асууж, М.Мандхай гишүүнээс хариулт авсан. Холбогдох мэдээллийг цуглуулах, тэдгээрийг хянан шалгаж, дүн шинжилгээ хийх учраас сонсголыг намрын ээлжит чуулганы эхэнд товлох нь зүйтэй хэмээн үзжээ. Хөдөө аж ахуйн салбар нь хамгийн их ажлын байрыг бий болгодог, улсын эдийн засгийн нэг тулгуур учраас суурь шинэчлэлийг хийхэд чухал санал, гарц, шийдэл, үр дүн, улмаар эрх зүйн орчны шинэчлэлийг хийх бодит санаачилгууд гарна хэмээн найдаж, дээрх сэдвээр сонсгол зохион байгуулахыг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар илэрхийллээ. Дараа нь төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 19 гишүүний олонх буюу 12 нь дэмжсэнээр “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны  тогтоолын төсөл батлагдлаа.