"30 хоногийн дотор шийдвэрлэх боломжтой"

Засгийн газраас  2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга танилцуулав. Ажлын хэсэг энэ сарын 12-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу гурван саналыг гүйцээн боловсруулж, 42.2.3-т заасны дагуу нэг саналыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзсэн гэлээ. Улмаар нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийсэн төсөл, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.

Б.Уянга гишүүний танилцуулсан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Батбаяр, Р.Сэддорж нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч, гишүүдээс хариулт авав.

Төслийн хүрээнд аливаа төслийг байгаль орчинд нөлөөлж байгаа байдлаар нь гурав ангилаад, иргэдээс санал авах асуудлыг нарийвчлан зохицуулж буйгаараа онцлогтой гэдгийг гишүүд дурдаад, энэ талаарх зохицуулалтын талаар тодруулж байв. Төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан гурав ангилж байгаа бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн төслүүд Иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хүсэлтээ хүргүүлж, тус хурал 30 хоногийн дотор шийдвэрлэх боломжтой хэмээн үзсэн гэх хариултыг Б.Уянга гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд өгсөн. Үндсэн хууль дахь зарчмыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх чиглэлд салбарын яам ямар арга хэмжээ төлөвлөж байгаа талаар, энэ хүрээнд эрх зүйн орчныг сайжруулахаар хэчнээн хуулийн төслийг боловсруулж байгаа талаар гишүүд тодруулж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт авсан юм.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар нэгбүрчлэн санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Тодруулбал, төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ерөнхий шинжээч, шинжээчийн эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох,  улмаар ерөнхий шинжээч нь байгаль орчны чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байх, шинжээч нь байгаль орчны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын туршлагатай байна гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 4 дэх заалт буюу 7 дугаар зүйлийн 7.13 дахь хэсгийг  “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны ерөнхий үнэлгээнд санал авах хүсэлтийг төслийн товч танилцуулга, газрын эрхтэй холбоотой баримт бичгийн хамт тухайн сум, дүүргийн Засаг даргад гаргана.” гэж, 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг  “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх иргэд, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаанд, эсхүл уг асуудлаар баг, хорооны иргэдийн нийтийн хурал товлогдсон тохиолдолд тухайн хуралд танилцуулж санал авах ажлыг зохион байгуулна.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн.” гэж заасан байдаг. Иймд ажлын хэсгээс уг заалтыг үндэслэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжив. Иймд төслийн 3 дугаар зүйлийн 9 заалт буюу 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан шаардлага, энэ хуулийн 10.5-д заасан танилцуулгаас гарсан саналыг тусгасан байдал, нарийвчилсан үнэлгээний тайланд үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээч, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж өөрчлөн найруулах санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.