Ж.Энхбаяр: Энэ онд 231.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй
З.Мэндсайхан: Тамхинаас 30 хувийн онцгой албан татвар авна
Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин танилцуулав.
Улсын Их Хурлаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр соёрхон баталсан. Тус хэлэлцээр нь Монгол Улсын гадаад худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой хэдий ч тарифын хөнгөлөлт эдлэх барааны жагсаалтад тамхи, тамхин бүтээгдэхүүн хамрагдсан нь тодорхой эрсдэлийг бий болгож байгааг сайд дурдсан. Тухайлбал, тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тариф “0” хувь болсноор импортын өртөг буурч, зах зээлийн үнэ хямдрах, улмаар хэрэглээ нэмэгдэх эрсдэлтэй бөгөөд энэ нь нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нэгэн хүчин зүйл болохоос гадна гаалийн албан татварын орлого буурч, улсын төсвийн орлогын тогтвортой байдалд нөлөөлөх нөхцөл үүсгэж болзошгүй гэв.
Иймд Улсын Их Хурлаас хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 117 дугаар тогтоолыг баталж, тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэнтэй холбоотой төсөв, татвар, нийгэм, эдийн засаг болон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож, шаардлагатай хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байна. Энэ хүрээнд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн гол зорилго нь гаалийн тариф тэглэснээс үүдэн тамхи, тамхин бүтээгдэхүүний үнэ буурах нөлөөллийг сааруулах, хэрэглээг татварын бодлогоор зохистой түвшинд хязгаарлах, улсын төсвийн орлогын тогтвортой байдлыг хангахад оршиж байгааг З.Мэндсайхан сайд танилцуулав.
Өнөөгийн байдлаар тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг биет нэгжид суурилсан хэлбэрээр ногдуулж байгаа юм. Харин хуулийн төсөлд одоо мөрдөж буй зохицуулалтаас гадна импортын тамхи, тамхин бүтээгдэхүүнд гаалийн үнэд суурилсан хувь хэмжээний онцгой албан татвар ногдуулах буюу биет нэгж болон үнийн дүнд суурилсан хосолсон татварын хэлбэрийг нэвтрүүлэхээр тусгажээ.
Импортын гаалийн тариф тэглэгдсэнтэй холбоотойгоор зах зээлийн үнэ огцом буурах, хэрэглээ нэмэгдэх эрсдэлийг бууруулж, гаалийн албан татварын орлого буурснаас үүсэх төсвийн сөрөг нөлөөллийг нөхөх боломж бүрдэх аж.
Мөн хуулийн төслийн хамт “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.
Төсвийн байнгын хороо энэ сарын 24-ний Лхагва гарагийн хуралдаанаараа хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулжээ. Хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байна. Байнгын хорооны тус хуралдаанд оролцсон Байнгын хорооны гишүүдийн олонх төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн Д.Энхтүвшин гишүүн танилцуулав.
Сангийн сайдын танилцуулга болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Б.Пүрэвдорж, Б.Түвшин, Б.Жаргалан, О.Номинчимэг нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Худалдааны тэгш байдлыг хангах зорилгоор Засгийн газраас асуудлыг оруулж ирээд, яаралтай хэлэлцүүлж байгааг дэмжиж буйгаа Б.Пүрэвдорж гишүүн илэрхийлсэн.
Хосолсон онцгой албан татвар ногдуулж байгаа арга хэлбэрүүдийн талаарх Б.Түвшин гишүүний асуултад Сангийн сайд хариулт өгөв. Жишээлбэл, суудлын автомашины моторын хэмжээ болон үнийн дүнгээс нь татвар авах зэргээр хосолсон ийм онцгой албан татварыг 63 улсын хэрэглэдэг, манайх ч хэрэглэж байгаа гэлээ. Тамхины тухайд 30 хувийн онцгой албан татвар авна, мөн ширхэг бүрээс 836 төгрөг, задгай тамхины кг тутмаас 3130 төгрөгийн татвар авах аж. Монгол Улс 2003 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцод нэгдсэн бөгөөд үүнд нийцүүлэн татварыг өсгөх замаар тамхины хэрэглээг бууруулна бодлогыг хэрэгжүүлж байгаагаа Сангийн сайд тайлбарлав. Б.Түвшин гишүүн, никотин нь гаа, бохь зэрэг бусад хэлбэрээр зах зээлд худалдаалагдаж байгаа учраас тамхи гэлтгүй, никотины агууламжаас хамаарч татвар ногдуулах нь оновчтой гэдэг байр суурийг илэрхийлж байв. Засгийн газраас өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буй хууль, тогтоолын төслийн боловсруулалтад анхаарах, бодлогын баримт бичгүүд болон хууль тогтоомжийн нийцлийг хангах шаардлагын талаар Б.Жаргалан гишүүн хэлээд, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хариуцлага алдсан албан тушаалтныг тодруулж, хариуцлага тооцох шаардлагатай гэдэг саналыг хэлж байсан. Татварыг бууруулахыг иргэд хүсэн хүлээж байгаа ч нийтийн сайн сайхан, эрүүл мэндийн төлөө архи, тамхины татварыг бууруулж болохгүй гэдэг байр суурийг О.Номинчимэг гишүүн хэлээд, яг одоо Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төслүүд хоорондын нийцлийг хангах шаардлага бий гэлээ.
Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара үг хэлсэн юм. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ шийдвэрлээд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нэгдсэн хуралдаанд танилцуулав.