АН-ын бүтэлгүйтэл буюу 30 их наядын ЯЛАЛТ!

2026 оны зургаадугаар сарын 30. Монголын улс төрийн уур амьсгалд удтал шуурга дэгдээсэн Оюу Толгой тойрсон маргаанд цэг хатгах эхний нүүдлээ энэ Засгийн газар хийв. С.Баярыг Ерөнхий сайд, С.Баярцогтыг Сангийн сайдаар ажиллаж асан үеэс эхтэй гэж үзвэл зөвхөн Оюу Толгой гэх ганц сэдэв Монголын Төрийн толгойд зайдагнаж, бүр заримынх нь танигдах, цаашлаад УИХ-ын гишүүний дархан эрхэнд хүрэх замыг зассаар даруй 17 жилийг үджээ. Дөрвөн Ерөнхийлөгч, таван парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж, 11 дэх Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэж байна гэхээр басчхүү урт хугацаа шүү.

Гэхдээ л “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой хамгийн том төсөл тойрсон улс төрийн эсэргүүцэл, нийгмийн хардлагад тохирох хариулт саяхныг хүртэл “бай”-ндаа тусахгүй бахь байдгаараа явсан юм. Харин Засгийн тэргүүн болж, танхимаа бүрдүүлээд 100 ч хоноогүй Н.Учралын үед дэлхийн зэсийн өрөг дээрх гол тоглогч “Рио Тинто”-той хэлэлцээрийн ширээнд сууж, Монголын талын эрх ашгийг хангуулах нааштай тохиролцоонд хүрсэн нь С.Баяраас хойшхи бас нэгэн түүхэн амжилт болов.

Үндсэндээ энэ удаагийн хэлэлцээр хий хоосон популизмд хөтлөгдсөнгүй. Хөрөнгө оруулагчдад тал засч бөхийсөнгүй. Маш тодорхой бөгөөд товчхон шахалт, шаардлагыг тулгасныг “Рио Тинто” хүлээн авч буулт хийлээ. Тэр нь Оюу Толгой хэмээх аварга төслөөс монголчууд ногдол ашиг хүртэх, 34 хувийг эзэмшиж байгаагийн хувьд зээлийн хүүг бууруулах хоёрхон шаардлага. Өөрөөр хэлбэл, Монголын талд маш тодорхой санхүүгийн ашиг авчирсан тулаан байв.

Учир нь,

30 их наяд төгрөгийн хэмнэлт: Монголын талын хүлээх байсан өр, хүү, менежментийн зардлаас нийт 8.4 тэрбум ам.доллар (30 орчим их наяд төгрөг) шууд хасагдлаа.

Өдрийн 13.6 тэрбумын хүү зогсов: Өмнө нь Монголын талд өдөр бүр 13.6 тэрбум төгрөгөөр нэмэгддэг байсан зээлийн өндөр хүүг (SOFR+4 буюу 7.9% орчим) болгон бууруулж, 6.2 тэрбум ам.доллар (22 их наяд төгрөг) хэмнэв.

Менежментийн хураамж 2 дахин багасав: “Рио Тинто”-гийн авдаг байсан менежментийн зардлыг хоёр дахин бууруулснаар 2.2 тэрбум ам.доллар (8 их наяд төгрөг) хэмнэж, Монголын хүртэх шууд өгөөж 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдлээ.

2026 оноос ногдол ашиг авна: 2037 он хүртэл Монголын тал нэг ч төгрөг харахгүй байсан заалтыг цуцалж, энэ оноос эхлэн анх удаа Оюу Толгойгоос бэлэн мөнгө буюу ногдол ашиг авахаар тохиролцов.

Гэрээг 3 жил тутамд засна: Зээлийн нөхцөлийг өмнө нь 7 жил тутамд хардаг байсныг 3 жил болгон богиносгож, Монголын тал байнга давуу эрхтэйгээр хэлэлцээрт орох боломж бүрдэв.

Амжилт уу, мэдээж амжилт. Тэгэхдээ түүхэн амжилт. Ерөнхий сайд Н.Учралын улс төрийн намтарт ч энэхүү үйл явдал хоёр талтай том бооцоо болж үлдэх нь.

Нэгдүгээрт, С.Баяр, Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ нарын Засгийн газар дамжсан Оюу Толгойн маргааныг “Монголд ашигтай” эргүүлж чадсан Ерөнхий сайд гэсэн имиж хүссэн ч, эс хүссэн ч түүнд үлдэнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээлгүйгээр ширээний ард тохиролцож чаддаг Ерөнхий сайд гэдгээ олон улсад харуулснаар ирэх жилүүдэд эдийн засгийн реформ хийх улс төрийн хамгаалалтаа ийн босгосон хэрэг.

Хоёрдугаарт, том амлалт гэдэг өөрөө том хариуцлага дагуулдаг. Хэрвээ ирэх намраас магадгүй шинэ оны босгон дээр иргэдийн гар дээр, эсвэл улсын төсөвт ногдол ашгийн мөнгө бодитоор орж ирэхгүй бол энэ хэлэлцээр эргээд түүнийг унагаах зэвсэг болно. Онтрэгийн хэлцэл болон татварын маргаан олон улсын шүүх дээр Монголын талд ашиггүй шийдэгдвэл сөрөг хүчний гол өгөөш болно. Гэхдээ энэ бол урьдчилсан таамаг, улс төрийн прогноз.

Ямар ч байсан Оюу Толгой дагасан дуусдаггүй ярианд цэг хатгасан нь Ерөнхий сайд Н.Учрал, түүний танхимын хусаад ч арилахгүй үнэн нь. Нэг удаа хийж болсон хоёр дахиа хийх нь цаг хугацааны асуудал. Тэр нь мэдээж Онтрэ. Гагцхүү дотоодын улс төр талаасаа 2037 оноос биш энэ жилээс Оюу Толгойгоос ногдол ашиг хүртэхээр болсон нь сөрөг АН-ынханд том цохилт боллоо. Магадгүй маш хүнд байдалд орууллаа. Учир нь, “Оюу Толгойг гадныханд өглөө, өрөнд баригдлаа" гэж шүүмжлээд суух орон зай үлдсэнгүй. АН улс төрийн микрофоноо ийнхүү хаалгалаа.

Цаашлаад уул уурхай дагасан, дамнасан хардлага, шүүмжлэлээсээ салж, илүү прагматик, ажил хэрэгч байдлаар хандахгүй бол улс төрийн тавцнаас арчигдаж мэдэх нөхцөл нэгэнт бүрдлээ. Нөгөө талд Засгийн газрынхаа 100 дахь хоногийн босгон дээр энэхүү хэлэлцээрийг хийж чадсан нь Ерөнхий сайдын хувьд улс төрийн маш том ялалт төдийгүй карьерынх нь шийдвэрлэх үе шат болох нь мэдээж.

Гагцхүү энэхүү суурин дээрээс бодит эдийн засгийн өсөлтийг хэрхэн босгох нь түүний танхимын дараагийн шалгуур. Одоо түүнд ухрах зам байхгүй. Тавьсан шаардлага, тохиролцоо бодит эдийн засаг болж хувирах уу, эсвэл улс төрийн занга болох уу гэдэг нь түүний гүйцэтгэлээс шууд хамаарна. Юу үнэн энэ үнэн.

Г.Эрхэс