Мэргэжлийн хариуцлагын даатгалын эрх зүйн тогтолцоог хуульчилна
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Эрүүл мэндийн тухай хуульд эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх, үүргийг тусгасан байдаг бол энэхүү хуулийн төсөлд тус салбарын нийт 69.7 мянга ажилтны асуудлыг тусгаснаараа онцлог гэдгийг төсөл санаачлагч онцолсон.
Эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг бие даасан хуулиар, цогцоор нь зохицуулах, хүний нөөцийн төлөвлөлт, менежмент, ажлын байрны аюулгүй байдал, мэргэжлийн ур чадварын баталгаа, ёс зүй, өөрөө удирдах байгууллага, мэргэжлийн хариуцлагын даатгал, маргаан шийдвэрлэх дэг журам зэрэг институцийн зохицуулалтыг нэг мөр ойлгомжтой болгох хэрэгцээ шаардлага үүссэн байна. Энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл нь эрүүл мэндийн ажилтны эрх зүйн байдлыг бие даасан байдлаар тодорхойлж, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг аюулгүй, тасралтгүй, хараат бус хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлагын зохистой тогтолцоог бүрдүүлэх замаар иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн байна.
Хуулийн төсөлд эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн төлөвлөлт, бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, үнэлгээ, тайлагнал, байгууллагын түвшний ажиллах орчны аюулгүй байдал, ажлын ачааллыг зохистой түвшинд барих, эрсдэлийн үнэлгээ, хамгаалах хэрэгсэл, сургалтын дэмжлэг зэрэг зохицуулалтыг тусгажээ. Мөн эрүүл мэндийн ажилтны нийтлэг эрх, үүрэг, нийгмийн баталгааг тодорхойлж, ажлын онцлог нөхцөлд нийцсэн дэмжлэг, хамгаалалтын механизмыг цогцоор нь тусгасан байна.
Түүнчлэн төсөлд эмнэлгийн мэргэжилтний өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдал, чиг үүрэг, ил тод байдал, гишүүнчлэл, мэргэжлийн ёс зүй, стандарт, тасралтгүй мэргэжлийн хөгжлийн тогтолцоо, дотоод сахилга, хариуцлагын механизм, эмнэлгийн тусламж, үйлчилгээний явцад учирч болзошгүй эрсдэлийн улмаас үүсэх хохирлыг шуурхай барагдуулах, өвчтөний эрх, ашгийг хамгаалах, эрүүл мэндийн ажилтныг зөвшөөрөгдөх эрсдэлийн хүрээнд хамгаалах тэнцвэртэй шийдэл болгон мэргэжлийн хариуцлагын даатгалын эрх зүйн тогтолцоог хуульчлахаар тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар эрүүл мэндийн ажилтны эрх зүйн хамгаалал, мэргэжлийн хариуцлага, эрсдэлийн удирдлага, маргаан шийдвэрлэлт нь цогц тогтолцоо болж, эл салбарын хүний нөөцийн тогтвортой байдал сайжрах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал дээшлэх, иргэн, үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхол илүү үр нөлөөтэй хамгаалагдах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн байна.