Л.Оюун-Эрдэнэ: Авлигатай тэмцэхэд Монгол Улс бэлэн биш байна

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр ЗГХЭГ-аас Улсын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хоёр албан бичиг хүргүүлж байгаа тухайгаа илэрхийлсэн юм.


Тэрбээр "Төрийн эрх ашиг хохирох нөхцөл байдал үүссэн үед хойноос нь хэн хөөцөлдөж, нөхөн олговор олж авах бэ гэдэг асуудал тодорхойгүй байсаар ирсэн. Ийм нөхцөл байдал 20 гаруй жил үргэжиллээ. Тиймдээ ч төр хохирох нь хохирол биш, хувь компанийн хохирол хохирол гэсэн ойлголт тогтсон байна. Ингэж явсаар "Саарал жагсаалт"-д орох хэмжээнд хүрлээ. Тиймээс төрийн хохирлыг нөхөн төлүүлэхээр прокурорт хандаж байсан. Прокурор нь төрийн өмнөөс хохирогчоор оролцох боломжтой. Хуульд ингэж зааж өгсөн байдаг. Тиймээс Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй “Эрэл”, “Хөтөл”, ТОСК, “Капитал”, “Кью Эс Си”, “Мон Милк” компанийг прокрорт хүргүүлж байна. 

Дараагийн асуудал нь "Жаст"-ын Ш.Батхүүтэй холбоотой. "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг банкинд барьцаалсны 160.1 сая ам.долларын зээлийн асуудал байгаа. "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргасан гэх асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн. "Стандарт" банкны Эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг шилжүүлсэн. Үүнд төр хохирсон гэж үзэн прокурорт хандаж байна. Ш.Батхүү 11 сая ам.долларын үнэ бүхий хөрөнгийг бусдад ямар нэгэн төлбөргүйгээр шилжүүлсэн. Тиймээс хохирол нөхөн төлүүлэхэд өгч болно гэсэн гэрээний санал ирсэн. Энэ нь нууц. Олон хүнд олон өмч шилжсэн. Үүнийг нь тодорхой болгоно. Нээлттэй болгох хүсэлтийг гаргана. Учир нь төр хохирогч болсон.

Сүүлийн үед нийгэмд дуулиан дагуулсан хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болж байна. Жишээ нь, хөөн хэлэлцэх хугацаагаа яаж л бол яаж дуусгаж байна. Мэргэшсэн шүүгч, өмгөөлөгч хүртэл байна. Авлигатай тэмцэхэд Монгол Улс бэлэн биш байна. Тиймээс энэ хуулийн заалтаад хууль зүйн байнгын хороонд дүгнэлт хүргүүлж байгаа. Хуульд зааснаар өмгөөлөгч 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Гаргасан гомдлын дагуу 30 хоног сунгах боломжтой. Яг ийм байддаар зарим шүүгч нар өмгөөлөгчийн гаргасан гомдол бүрийг хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл, 30 хоногийн дотор өмгөөлөгч гомдол гаргах ёстой. Гэтэл 29 дэх хоног дээр нь өмгөөлөгч гомдол гаргадаг. Үүнийг нь тодорхой шүүгч нар хүлээж авдаг. Ийм байдлаар тодорхой хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна” гэсэн юм.