Xотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Xотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан.
Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн салбарынхантай уулзлаа.
Эдийн засгийн хүндрэлтэй үед хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн бодлогыг нийслэл хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Чөлөөлье” санаачилгын хүрээнд зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөлсөн юм.
Бизнес эрхлэгчдэд учирч буй дарамтыг бууруулах, хэрэглэгчдийн худалдан авалтыг дэмжих зорилгоор Нийслэл хотын хоёр хувийн албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр болсноо НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар зарлалаа. Уг татварыг хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авагч төлж, борлуулагч суутган төсөвт төвлөрүүлдэг. Иймээс татварын хувь хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн худалдан авалтад төлөх татварын хэмжээ багасаж, хэрэглээг дэмжих ач холбогдолтой юм.
Түүнчлэн хувийн хэвшлийн хэрэгжүүлэх боломжтой бизнес, үйлчилгээг төр өөрөө эрхлэхгүй байх зарчмыг баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.