Б.Пүрэвдорж: Нэхэмжлэл гаргах эрхийг хугацаагүй болгохоор хуулийн төсөлд тусгасан

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дараа нь явуулав. Хууль санаачлагч, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Б.Пүрэвдорж төслийн танилцуулгыг хийлээ.

 

1998 онд батлагдсан тус хуулийн дагуу нэхэмжлэл гаргах хугацааг нийтдээ таван удаа сунгаж байжээ. Хамгийн сүүлд тогтоосон хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-нд дууссан байна. Иймд нэхэмжлэл гаргах эрхийг хугацаагүй болгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Одоогоор шийдвэрлэгдээд байгаа хүсэлт нэхэмжлэлийн дагуу 1.8 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох тооцоолол гараад байгаа ажээ.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, П.Сайнзориг нар асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Д.Цогтбаатар, П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Ц.Сандаг-Очир нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ.

 

Хуулийн төсөлд гомдол гаргагчийг хэлмэгдсэн гэдгээ нотлох, баримт сэлт гаргаж өгөх үүргээс нь чөлөөлсөн заалт тусгасан нь орчин цагт хэрхэн үйлчлэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун асууж, хариулт авав. Хууль санаачлагч, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржтүүний асуултад хариулахдаа орчин үед улс төрийн хэлмэгдүүлэлт тодорхой хэмжээгээр байгаа гэж үздэгээ илэрхийлээд, үүнийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх учиртай боловч шийдэгдэхгүй, улс төрийн өндөр албан тушаалаар хаацайлж үлдэх тохиолдол гарч байна гэсэн юм.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт гүтгэх, доромжлох явдал хэрээс хэтэрч байгааг дурдаж, хүн гутаадаг, доромжилдог, хуурамч хаягаас элдэв янзаар хэлдэг явдлыг цэгцлэх хэрэгтэй гэлээ. Бодитой шүүмжлэл гаргах, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлахгүй, гагцхүү ил тодоор, хуурамч, нууц хаяг хэрэглэлгүй, чин шударгаар хэлж байх ёстой гэдгийг тэрбээр онцолж,  ийм хэлмэгдүүлэлт, хүний эрхийн зөрчил их байгааг анхаарч ажиллахыг зөвлөлөө. Эрүүгийн хуулийн гүтгэлгийн тухай заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосонтой холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж, чиглэл өгсны дагуу хуулийн төслийг Улсын Их Хуралд яаралтай өргөн барихыг тэрбээр Засгийн газарт даалгав.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.