З.Мэндсайхан: Дундаж тэтгэвэр 955 мянган төгрөгөөс 1 сая 188 мянган төгрөг болж нэмэгдэнэ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.

Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд З.Мэндсайхан хийв. Тэрбээр төсвийн тодотголыг танилцуулахдаа, ахмад настны суурь тэтгэврийг хугацаанаас нь өмнө эхлүүлэх, төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн зөрүүг арилгах, урсгал зардлыг танаж иргэдийн орлого, нийгмийн хамгаалалд чиглүүлэх бодлогыг онцлов. Түүний мэдээлснээр 435 мянган ахмад настанд 2026 оны 11 дүгээр сараас эхлэн сард 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бол төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, жигдрүүлэхэд 170.1 тэрбум төгрөг тусгажээ. Мөн төсвийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг танаж, нийт 1.44 их наяд төгрөгийн хэмнэлт хийхээр тооцсон байна.

2026-10-01 20.24.15.jpg

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, С.Эрдэнэбат, Ц.Мөнхтуяа, Б.Бейсен, Т.Мөнхсайхан, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Ж.Галбадрах, О.Батнайрамдал нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэмж болон ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг амьжиргааны наад захын түвшинд хүргэж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын өр, төлбөрийг шийдвэрлэх, “гэрт ойр сургууль”, төрөлжсөн ахлах сургууль, хиймэл оюун ухааны лаборатори, цахим анги байгуулах төслүүдийн зардал, санхүүжилттэй холбоотой эргэлзээтэй асуудлуудыг нэг тийш болгох болон Боловсролын зээлийн сангаас олгох Монгол Улсын Багшийн Их Сургуулийн 3500 орчим оюутан тэтгэлэгийг төсвийн тодотголд тусгах гэх мэт бодитой бэрхшээлүүдийг хөндлөө.

2026-10-01 20.23.21.jpg

Ирэх 2027 оны төсвийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх зардал суусан талаар Сангийн сайд З.Мэндсайхан тодорхой танилцуулж, төсвийн тодотгол батлагдсанаар ахмад настнуудын дундаж тэтгэвэр 955 мянган төгрөгөөс 1 сая 188 мянган төгрөг болж нэмэгдэнэ гэлээ. Эрүүл мэндийн салбарын бүтэц, менежмент, худалдан авалтын тогтолцоог шинэчлэх шаардлагатайг тус салбарын удирдлагууд онцолж, нийт өрийн 80 орчим хувь нь 10 орчим эмнэлэгт төвлөрч буйг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар тайлбарлав.

2026-10-01 20.23.52.jpg

Улаанбаатар хотод ачаалал өндөртэй, гурван ээлжээр хичээллэж байгаа 38 сургуулийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир тайлбарлаж, хотхоны бага сургуулиудад 9800 хүүхдийг суралцуулж байгааг болон нормоор тооцвол энэ хичээлийн жилд 705 багш дутагдаж буй гэдгийг хэлсэн бол багш мэргэжлээр суралцагчдад квот тогтоохгүйгээр тэтгэлэг олгоход 18 тэрбум төгрөг шаардлагатайг тус салбарын удирдлагууд дурдав.

2026-10-01 20.23.38.jpg

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголтой холбогдуулан тус Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Үүний дотор Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Ж.Галбадрах, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нарын гаргасан Сангийн сайдын хөрөнгө оруулалт, их засварын зардлаас 13 тэрбум 223 сая 900 мянган төгрөг хасаж, Боловсролын зээлийн сангийн төсөвт нэмж тусгах зарчмын зөрүүтэй санал дэмжигдлээ. Гэвч Сангийн сайдын хөрөнгө оруулалт, их засварын зардлууд нэгэнт нэгэнт санхүүжигдэж дууссан гэдгийг тус яамны хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал тайлбарласан ч Улсын Их Хурлын гишүүд хүлээж авсангүй.

Төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

 

Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дэмжлээ

Төсвийн тодотголын төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай болон холбогдох хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Мөн л хэлэлцүүлгийг төслүүдийн зүйл бүрээр явуулж, төсөл тус бүрээр санал хураалт явуулсан юм.

2026-10-01 20.24.12.jpg

Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир аймаг, орон нутагт олгох төсвийн дэмжлэгүүдийн үндэслэлийн талаар тодруулж, төсвийн тодотгол батлагдахгүй тохиолдолд хүндрэл үүсэх магадлал байгааг анхааруулсан юм. Мөн аймгуудад нэг удаа орох орлогыг тогтмол орлого мэтээр тооцох төсвийг төлөвлөх нь эрсдэлтэйг сануулсан юм. Үүнд Оюутолгой ХК-ийн ногддол ашиг ч хамаарна гэдгийг тэрбээр хэлж, уул уурхайн салбарын орлогыг өсөлттэй үеийг урт хугацааны төлөвлөлтөд хамруулан тооцож, төсвийг тэлж байгааг шүүмжлэв.