Есөн сургууль, таван цэцэрлэг барина

Азийн хөгжлийн банктай 2025 онд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн хоёрдахь нэмэлт санхүүжилт” болон “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа. 

Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагаа өнгөрсөн 35 жилийн хугацаанд амжилттай өргөжиж ирснийг Сангийн сайд З.Мэндсайхан онцлоод, томоохон хөрөнгө оруулалт хийж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжиж буйд талархал илэрхийллээ. Мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. 

Тус төслийн хүрээнд есөн сургууль, таван цэцэрлэг барьж, 17 сургууль, нэг цэцэрлэгийг өргөтгөж, нэг сургуулийн барилгын ажлыг дуусгах бөгөөд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг 11 мянга гаруй суудлаар нэмэгдүүлнэ. 

“Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын алслагдмал буюу хөдөө орон нутагт нас баралтын түвшинг бууруулж, урьдчилан сэргийлэх юм. Энэ хүрээнд шинээр нэг аймгийн нэгдсэн төв эмнэлэг, гурван аймгийн эмнэлгийн өргөтгөл, 13 байршилд яаралтай, эрчимт эмчилгээ болон мэс заслын тасгуудыг шинэчилж, тоног төхөөрөмжөөр хангана. Мөн долоон боомтод эрүүл мэндийн төв барихаар төлөвлөөд байна.