"Иргэдийн орлогыг үнийн огцом өсөлтөөс хамгаална"

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Төсвийн тодотголын төсөлд дараах арга хэмжээг тусгажээ. Үүнд;

photo_2026-10-02_11-19-50 (3).jpg

Нэгдүгээрт, ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлж, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулах хүрээнд нийт 435.0 мянган ахмад настанд ажилласан жил, төлсөн шимтгэл болон авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамааран сард 100.0-300.0 мянган төгрөгийн суурь тэтгэврийг 2026 оны 11 дүгээр сараас олгож эхлэхээр тооцож шаардагдах 196.3 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгаж, суурь тэтгэвэр олгох хугацааг наашлуулж байгаатай холбогдуулан нийгмийн даатгалын холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна.

Хоёрдугаарт, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зохицуулалтыг жигдрүүлж, салбар хооронд үүссэн цалингийн зөрүүг арилгаж, 2026 оны эхнээс боловсролын салбарын цалинг 50 хувь, эрүүл мэндийн салбарынхыг 30 хувь, шинжлэх ухааны салбарынхыг 15 хувиар нэмэгдүүлсэн нь төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн өсөлтийг харилцан адилгүй болгосон. Иймд 2026 оны 11 дүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэж жигдрүүлэх ба үүнд эрүүл мэндийн салбарын цалинг 20 нэгж хувиар, соёл, шинжлэх ухааны салбарын ажилтны цалинг 35 нэгж хувиар, спорт, цаг уур зэрэг бусад төрийн үйлчилгээний цалин хөлсийг 50 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхэд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгажээ.

photo_2026-10-02_11-19-51.jpg

Мөн боловсролын салбарын үндсэн цалинг энэ оны эхнээс 50 хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийн бүтэн жилийн санхүүжилтийн дутуу үлдэгдэл болох 674.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж, тус салбарын 93.5 мянган багш, ажилтны цалин хөлсийг ондоо багтаан бүрэн олгох боломжийг бүрдүүлнэ. Боловсрол, эрүүл мэндийн салбарт нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг өмнөх цалингийн сууриас тооцож ирсэн ойлгомжгүй зохицуулалтыг бүрэн цэгцэлж, нэмэгдсэн үндсэн цалингаас тооцдог нэгдмэл зарчимд шилжүүлж, төрийн үйлчилгээний албан хаагчдыг цалингийн зөрүү, ойлгомжгүй зохицуулалтаас “чөлөөлж” байгаа аж.

Гуравдугаарт, иргэдийн орлогыг үнийн огцом өсөлтөөс хамгаалж, стратегийн нөөцийн зарим барааны хангамжийг тогтворжуулна. Тухайлбал, иргэдийн хүнсний гол хэрэглээ болсон махны нийлүүлэлтийг тогтвортой байлгаж, улирлын хомсдол болон үнийн огцом өсөлтөөс сэргийлэх зорилгоор дотоодын махны үйлдвэрүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, улаанбуудай, хүнсний ногооны нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд зоорь, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх хөнгөлөлттэй зээлийг аж нэгжүүдэд олгож, дотоодын хүнсний ногоо, гурилын нөөц, хангамжийг жилийн турш тогтвортой байлгахад анхаарахаар болжээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 150.0 тэрбум төгрөгийг төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.

photo_2026-10-02_11-19-50.jpg

Мөн импортын цахилгааны үнэ нэмэгдэж, эрчим хүчний салбарын бодит өртөг болон тарифын зөрүү нэмэгдэж байгаа тул энэхүү ачааллыг хэрэглэгчдэд огцом шилжүүлэхгүй байх үүднээс эрчим хүчний тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийг татаас олгох, станц, дамжуулах болон түгээх компаниудын их засвар, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөхөөр тусгажээ.

Дөрөвдүгээрт, хөрөнгө оруулалтын зардлыг эрэмбэлж, төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд “Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 231 дүгээр тогтоолоор 2026 онд 252.5 тэрбум төгрөг буюу гэрээ байгуулаагүй 32 төслийн 118.6 тэрбум төгрөг, багцад хуваарилан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч гэрээ байгуулаагүй 103.3 тэрбум төгрөг, худалдан авах ажиллагааны явцад бий болсон хэмнэлт 29.4 тэрбум төгрөг төсвийн хэмнэлтэд тооцогдсоноор дараа онуудад ирэх төсвийн ачааллыг 1 их наяд орчим төгрөгөөр бууруулжээ. Энэхүү төсвийн тодотголоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 2026 онд 9,798.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 702 төсөл, арга хэмжээнд 3,030.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх юм байна.

photo_2026-10-02_11-19-55 (3).jpg

Тавдугаарт, төрийн өмчит компаниудын үр ашиг, төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдийн санхүүгийн боломжит байдалд тулгуурлан нэгдсэн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 1,613.8 тэрбум төгрөгт хүргэхээр, мөн төрийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын санг аж нэгжийн хэлбэрээр байгуулж, төрийн өмчит аж ахуй нэгжийн хувьцааны 20-иос доошгүй хэвийг тус санд төвлөрүүлнэ. Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх олон улсын мэргэшсэн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож, хөрөнгө оруулалтын сангийн хувьцааг олон улсын нэр хүндтэй хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах бэлтгэлийг хангаж ажиллана. Энэ хүрээнд төрийн өмчит компанийн хувьцааг үнэт цаасны анхдагч зах зээлд санал болгохгүйгээр арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэх, мөн уламжлалт санхүүгийн хэрэгслийг орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийг ашиглан олон улсад гарган арилжаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

photo_2026-10-02_11-19-55.jpg

Зургадугаарт, төсвийн болон гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулж, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан төсөв, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулах, байгалийн гамшиг болон эдийн засгийн хямралын үед хурдан хугацаанд ашиглах санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулах зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 200.0 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл болон 250.0 сая ам.доллар хүртэлх нөхцөлт зээлийн шугам байгуулахаар холбогдох гэрээ хэлэлцээрийн төслийг бэлтгэжээ. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж төрийн сангийн мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх, Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаалах хэмжээг 1.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон байна.

Долдугаарт, тэвчиж болох зардлыг бууруулж, төр өөрөөсөө хэмнэлт хийж, бүсээ чангалах төсвийн хэмнэлтийн үр дүнд урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цаасны санхүүжилтээс 758.0 тэрбум, хөрөнгийн зардлаас цэвэр дүнгээр 249.5 тэрбум төгрөг буюу нийт 1,440.9 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Ийнхүү зайлшгүй хэрэгжүүлэхээс бусад арга хэмжээ, зардлыг он дуустал зогсоож, чөлөөлсөн эх үүсвэрийг иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, төрийн үндсэн үйлчилгээнд чиглүүлнэ гэж танилцуулгад дурдсан байлаа.

photo_2026-10-02_11-19-50 (4).jpg

Түүнчлэн төсвийн тодотголын үр дүнд 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тооцсон хэмээн Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг явуулсан талаарх бусад Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг гишүүдэд тараасныг Н.Наранбаатар дарга танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асуусны дараа хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Наранбаатар танилцуулсан.

photo_2026-10-02_11-19-54.jpg

Уг санал, дүгнэлтэд Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагын нийт дүнг нэмэгдүүлэхгүйгээр зардал хооронд зохицуулалт хийх хүрээнд тухайн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд доголдол үүсэх, зардал санхүүжилт зайлшгүй дутагдах эрсдэл үүсэх магадлалтай зарим салбарын төсвийг нэмэгдүүлэх, эх үүсвэрийг 2026 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлтэй уялдуулан төслийн 1 дүгээр хавсралтын “УТ 2602001067 төсвийн кодтой Хавдар судлалын үндэсний төвийн 2 дугаар цогцолборын А,С блокийн барилга, гадна шугам сүлжээ, Улаанбаатар Сонгинохайрхан дүүрэг, хэрэгжих хугацаа 2026-2028 он, төсөвт өртөг 25 тэрбум 605,6 сая төгрөг, санхүүжих дүн 25 тэрбум 605,6 сая төгрөг” гэсэн төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг 6 тэрбум 12 сая төгрөгөөр бууруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурджээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүдээс 2016 оны төсвийн жил дуусах, гүйцэтгэл нь бүрэн гарах боломжтой хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, харин гүйцэтгэл удаашралтай, хуулиар батлагдсан санхүүжилтийг бүрэн зарцуулах боломжгүй нөхцөл үүссэн төсөл хооронд зохицуулалт хийх санал гаргасныг ажлын хэсэг дэмжсэн байна.