Түгжрэлд түгжүүлсээр байх уу, эсвэл түгжээг нь өөрсдөө тайлах уу

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж, тэр хэрээр түгжирч эхлээд байна. Цаашид үүнээс ч илүү нэмэгдэж, 30 минут яваад хүрэх газарт 1-2 цагийн дараа очдог болно. Энэ байдал цаашид  өөрчлөгдөхгүй. Харин ч өмнөх жилүүдийнхээс илүү олон цагийг түгжрэлд өнгөрүүлж магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь нэг талаараа импортоор оруулж ирдэг автомашины тоо, иргэдийн худалдан авалт нэмэгдэж буйтай холбоотой. Тодруулбал, Монгол Улсын хилээр жилд 70 мянга гаруй автомашин оруулж ирдэг бөгөөд өнгөрсөн онд 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Үүний 500 мянга гаруй нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Орон нутгаас орж ирдэг тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхэд өдөрт 500-600 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байгаа юм.  Түгжрэл үүсгэж буй гол хүчин зүйл нь автомашин, үүсгэгч нь иргэд, жолооч нар. Иймд ид шидийн мэт хэн нэгэн гэнэт гарч ирээд түгжрэлгүй болгочихгүй.  Харин иргэд, жолооч нар өөрсдөө санал санаачилгатай байж, холбогдох байгууллагуудаас гаргасан зохимжит шийдвэрийг дагаж мөрдөх зэргээр нэгдсэн зохион байгуулалтад орж байж түгжрэлийг бууруулах нь дамжиггүй. Хаа сайгүй хөл хөдөлгөөн ихтэй, түгжрэл дээд цэгтээ хүрэхэд ойрхон байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч уламжлалт ёсоор захирамж гаргасан. Үүний дагуу  амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн тоогоор буюу тэгш, сондгойгоор хуваан замын хөдөлгөөнд оролцуулсан.  Энэхүү зохицуулалт  зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний автомашин болон тусгай дуут дохиогоор тоноглосон машинд л үйлчлэхгүй юм. Гэхдээ энэ бол цоо шинэ шийдэл биш, өмнө ч хэрэгжүүлж, дагаж мөрдөж ирсэн зохицуулалт.

Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашины түгжрэл, осол аваарын гаралт ямар байсан талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа. 

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орон буюу тэгш, сондгойгоор нь ангилж, зорчуулснаар хөдөлгөөний ачаалал эрс буурч, түгжрэлгүй зорчиж буй дүр зураг харагдлаа. Үүнд мэргэжлийн хүмүүсийн хувьд ямар байх суурьтай байна вэ?

-Хичээлийн шинэ жил эхлэхээр Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Ялангуяа амралтын өдрүүдэд автомашины түгжрэл хэд дахин нэмэгдэж,  иргэд, жолооч нар бухимддаг. Иймд зохицуулалт хийж жил бүрийн өдийд буюу есдүгээр сарын 1-ний өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгойгоор нь зорчуулдаг болсон. Ингэснээр тухайн өдөр автомашины түгжрэл хэрхэн буурч буй нь нүдэн дээр илт харагддаг. Энэ удаад ч мөн ялгаагүй автомашины түгжрэл эрс буурсан. Заавал тэдэн хувиар буурсан гэх мэтээр тоон үзүүлэлтээр хэлэхээс илүүтэй иргэд, жолооч нараас энэ талаар асууж, дүн тавиулах нь зүйтэй болов уу. Улаанбаатар хотын автозамын 100 гаруй хэсэгт эвдрэл гэмтэл үүсчихсэн үед тэгш, сондгойгоор явуулахад ямар ч асуудал гарсангүй. Бидэнд иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дийлэнхийг “Амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах нь их зүйтэй юм байна. Цаашид бусад өдөр ч энэ зохицуулалтыг дагаж мөрдүүлэх хэрэгтэй. Бүгд хөдөлгөөнд оролцож, түгжирч зогсон цаг хугацаа алдаж байхаар ямар нэгэн зохицуулалтад орж, ээлж дараатай ажлаа амжуулах нь зүйтэй” гэсэн байр суурь эзэлж байна.

-Автомашины тоо өсч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тусам зам тээврийн осол аваарын гаралт буурдаггүй тал бий. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ямар байсан бэ?

-Автомашины осол аваар буурсан эсэхийг хоёр өдрийн үзүүлэлтээр дүгнэж хэлэх боломжгүй. Гэхдээ ерөнхий байдлаараа өнгөрсөн өдрүүдэд осол гэмтлийн гаралт тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлттэй байгаа.

-Ямар нэгэн зохицуулалт хийхгүй л бол түгжрэл өмнөхөөс ч илүү нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байх шиг байна. Ер нь цаашид бусад өдөр ч ялгаагүй тэгш, сондгойгоор нь ангилж, хөдөлгөөнд оролцуулах боломж бий юү. Энэ талд хийсэн судалгаа, дүгнэлт юу байна вэ?

-Нийслэл хотын автомашины хөдөлгөөн дээр орон нутгаас ирсэн автомашин нэмэгдсэн энэ үед ямар нэгэн зохицуулалтгүй бүгд хөдөлгөөнд оролцвол хаа сайгүй түгжирч нам зогсох нөхцөл байдал үүсээд байна. Ер нь цаашид хичээл эхэлсэн ч ялаагүй түгжрэл үүснэ. Ялангуяа ажил эхлэх болон тарах үеэр нэлээд түгжрэл үүсдэг. Үүнийг хүн бүр мэдэж байгаа хэрнээ холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрийг эсэргүүцдэг. Хэрэв тэгш, сондгойгоор зорчуулах шийдлийг иргэд, жолооч нар өөрсдөө дэмжвэл боломжгүй зүйл биш. Энэ бол боломжтой. Ингэснээр автомашины түгжрэл 50 хувиар буурна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хөдөлгөөний урсгал ямар байсан яг л тийм байна гэсэн үг.  Үүний тулд хамгийн гол нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, такси үйлчилгээг сайжруулах,  дугуйн болон явган хүний зам бий болгох нь зүйтэй.

замын цагдаа зурган илэрцүүд

Хэн нэгэн биш бид өөрсдөө түгжрэх замыг сонгосон

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлчилсэн зохицуулалтаар ямар үр дүн гарсан талаар албаны хүн ийн ярилаа. Холбогдох албаныхан нийслэлчүүдийн толгойн өвчин болсон уг асуудлыг шийдвэрлэхийн тулд гарц шийдэл эрэлхийлж, заримыг нь хэрэгжүүлэх шийдвэрт хүрдэг ч тэр нь иргэд, жолооч нарын эсэргүүцлэл, шүүмжлэлтэй тулгардаг. Тухайлбал, өнгөрсөн удаад Улаанбаатар хотын автозамыг бүсчлэлд хуваан, хуулиар хүлээсэн үүрэг буюу татвар, торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд хамруулаагүй тээврийг хэрэгслийг зарим бүс рүү нэвтрүүлэхгүй байх, орон нутгийн автомашиныг цагийн ангилалтай хөдөлгөөнд оролцуулах санаачилга гаргасан. Гэтэл үүнийг дэмжиж байсан иргэд, жолооч нар нөгөө хэсэгтээ ялагдснаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Товчхондоо, үүргээ биелүүлж байж эрхээ эдэлье л гэсэн агуулгатай зохицуулалт байв. Хэрэв хэрэгжүүлсэн бол эерэг үр дүн гарах  байсан болов уу. Үүнээс гадна татвартай болъё гэдэг санаачилга гарсан ч мөн л эсэргүүцэж, иргэдээ баян, ядуугаар ялгаварласан гэх зэргээр шүүмжлээд амжсан. Дугаарын хязгаарлалт хийж эхлэхэд мөн л элдвээр хэлж эсэргүүцсээр эцэст нь хүчээр шахуу дагаж мөрдөх болсон. Гэхдээ л долоо хоногийн ганцхан өдөр хөдөлгөөнд оролцохгүй байж чадахгүй, өөр дугаар зүүж явах, хулгайгаар зорчих  гэх мэтээр багагүй асуудал үүсгэдэг тал бий.  Хэрэв цаашид зөвхөн тэмдэглэлт болон томоохон баяр ёслолын амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчих бус бусад өдөр ч энэ зохицуулалтыг дагаж мөрддөг больё гэвэл бас л эсэргүүцэх үү. Утга учиргүй эсэргүүцэл, шүүмжлэлийн цаана бид үнэт цаг хугацаагаа урсгаж, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тухайлбал, хүн өдөрт гурван ажил төлөвлөхөд автозамын түгжрэлээс болж нэгийг нь л амжуулдаг бол эдийн засгийн үүднээс авч үзвэл 114 тэрбум төгрөгийн хохирол учирдаг гэсэн судалгаа бий. Мөн бид бүхэн 45 хоногийг замын түгжрэлд зарцуулдаг аж. Тиймээс товлосон газартаа шуурхай хүрдэг, цаг хугацааг түгжрэлд бус ажил, амьдралдаа зарцуулах боломжоор биднийг хэн нэгэн бус бид л өөрсдөө хангах ёстой. Түгжрэлд түгжүүлсээр байх уу, түгжээг нь өөрсдөө тайлах уу. Үүний түлхүүр бол “өнөөдөр та, маргааш би” гэсэн дарааллын системд орох явдал. Бүгд нэгэн зэрэг хөдөлгөөнд оролцож 30 минут яваад хүрэх газарт хоёр, гурван цаг зарцуулах уу эсвэл ангилалтай, ээлж дараатай оролцох уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. Ямар нэгэн шийдэлд хүрэхгүй л бол хүмүүсийн хэлдгээр  тун удахгүй “тэг” зосголт хийх болох нь.  Тэр цагт хэн нэгнийг зүхэж, шүүмжлээд ч хэрэггүй. Энэ замыг та бид өөрсдөө сонгосон.