С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Ганхуяг: Бид амлалтаа биелүүлж чадсан
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн хүрээнд тус яамны харьяа агентлаг, төрийн өмчит компани, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байгаа юм. Энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл өгсөн юм.
Түүний онцолсноор тус компани өнөөдрийн байдлаар 13.1 сая тонн нүүрс олборложээ. Төлөвлөгөө ёсоор 12.5 сая тонн нүүрс олборлохоор байсан аж. Ингэснээр компанийн борлуулалтын орлого ч өмнөх оны мөн үеэс нэмэгдэж, 2.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Компанийн цэвэр ашиг төлөвлөгөөнөөс 200 гаруй хувиар давж биелж, 677 тэрбум төгрөг болжээ.
Тэрбээр, “Манай компани бүх төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Энэ онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн том төлөвлөгөө биелсэн. Манай компани энэ онд дагах төслүүд буюу авто, төмөр замын төслүүдээ эхлүүлэх, зогссон байсан төмөр замаа үргэлжлүүлэх амлалт Засгийн газарт өгсөн. Эдгээр амлалтаа биелүүлж чадсан. Тодруулбал, Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний хөрөнгө оруулалт буюу 156 тэрбумаа шийдвэрлээд замаа эхлүүлсэн. Зогссон байсан Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөрөнгө оруулалтаа хийсэн. Далан сэргээх, дээд болон доод бүтцийн ажилд энэ төсөлд нийт 698 сая ам.доллар шаардлагатай байгаа. Энэ хөрөнгийн эхний хөрөнгө оруулалт буюу 110 сая ам.долларыг ТУЗ-ийнхөө хүрээнд шийдвэрлэсэн. Мөн Тавантолгой, Оюутолгой, Ханги мандалын автозам, Тавантолгой-Гашуунсухайтын паралель авто замын концессын гэрээгээ байгуулаад үйл ажиллагаа нь эхлэхэд бэлэн болсон байна. Хөрөнгө оруулалт нь бүрдсэн гэж ойлгож болно. Бид боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүрэгтэй. Үүнийхээ дагуу тус бүр нь 10 сая тонн хүчин чадалтай гурван блок үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан” гэсэн юм.