С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
НҮБ-ын Суурин зохицуулагчийг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнав
Гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Беате Транкманныг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагналаа. Шагналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулж баяр хүргэв.
Онцгой байдлын албаны орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн иргэдийг гамшгаас хамгаалах бэлтгэлтэй болгох, гамшгийн эрсдлээс хамгаалах төрийн бодлого боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг Шадар сайд тэмдэглэв.
Мөн өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад НҮБ болон олон улс, донор байгууллагуудыг манлайлан оролцож, их хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлснийг дурдав.
Монгол Улсад ажиллах хугацаандаа Засгийн газар, Шадар сайдын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа хатагтай Беате Транкманн илэрхийлэв.
Засгийн газар НҮБ-тай хамтран “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, өнгөрсөн онд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлыг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон гэдэгт талууд санал нэгдэв. Хатагтай Беате Транкманн БНХАУ дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин зохицуулагчаар томилогджээ.