С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Жилд 12-13 мянган хүнд үйлчилгээ үзүүлэх Сургалтын эмнэлэг нээгдлээ
АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлгийн албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Баянзүрх дүүрэгт буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд байрладаг тус эмнэлгийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд барилгын ажил 2016 онд эхэлж, энэ 2019 оны гуравдугаар сард Улсын комисс хүлээж авсан юм. Энэ хугацаанд Монгол-Японы сургалтын эмнэлэг нь иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхгүй байсан юм. Харин өнөөдөр үйл ажиллагааг нь албан ёсоор нээж, амбулатори, радиологийн төв, дурангийн төвдөө эмчлүүлэгчээ хүлээн авч эхэлжээ.
104 ор бүхий хэвтэн эмчлүүлэх тасаг, мэдээгүйжүүлэг, мэс заслын тасаг, эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламжийн тасгууд нь үе шаттайгаар ашиглалтад орно. Гэхдээ тус эмнэлэгт зөвхөн Баянзүрх дүүргийн 10, 12, 13, 26 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгээс илгээсэн илгээх бичгийн дагуу бусад иргэдэд үйлчлэх юм байна.
Мөн Монгол-Японы сургалтын эмнэлэгт Монголын анагаахын салбарын 95 хувийг дангаараа бэлтгэдэг АШУҮИС-ийн төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалт зохион байгуулдаг гэнэ.
Монгол-Японы сургалтын эмнэлгийг 10 гаруй тэрбум иений хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ өдөрт 400-500 хүнд оношлогоо, эмчилгээ үзүүлэх аж. Харин хэвтэн эмчлүүлэх тасаг нь арванхоёрдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулах бөгөөд 2020 он гарсны дараа яаралтай тусламжийн тасаг нээгдэж, 2020 оны нэгдүгээр сараас бүрэн хүчин чадлаар ажиллах юм байна. Ингэснээр жилд 12-13 мянган хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх хүчин чадалтай.