Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрт хоёр дахин их мөнгө төсөвлөжээ

 

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ноос орон даяар хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөрийг 2019-2023 оны хугацаанд 50 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдүүдийг хамруулахаар болсон юм.

 

Өмнөх онд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд 4.7 тэрбум төгрөг зарцуулсан бол ирэх онд үүнээс хоёр дахин их буюу 10 тэрбум төгрөг зарцуулна гэж өнгөрсөн пүрэв гарагт (2019.09.26) танилцуулсан 2020 оны төсвийн төсөлд тусгажээ.

 

2018 оны улсын дунджаар шүд цоорох өвчний тархалт 71.4 хувь, шүд цоорох өвчний эрчим 4.33 хувь, шүд эмчилгээний хэрэгцээ 94.3 хувь байсан нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгэн шалтгаан болсон юм. Мөн нийслэлийн 7 дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар 1408 сурагчийн 66.0 хувь чихэрлэг ундаа, 39.1 хувь нь хямд үнэтэй чихрийг сургуулийн орчмоос өдөр бүр худалдан авч, хэрэглэдэг болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь шүдний өвчин үүсэх үндэс болпог аж.

 

Хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт

 

Хөтөлбөрийн дөрвөн зорилтын хүрээнд 15 үйл ажиллагаа хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын 2018 оны 255 дугаар тогтоолт заасан бий.

 

Нэгдүгээр зорилтын хүрээнд:

 

Шүд, эрүү нүүрний төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох

 

Шүд эмчилгээ, тусламж, үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэл, бусад салбарын оролцоог сайжруулах

 

Хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх явуулын багийг төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд түшиглэн байгуулах, алслагдсан баг, суманд ажиллуулах

 

Нүүр, ам судлалын үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх

 

Хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, өрхийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрт амны хөндийн эрүүл ахуйн чиглэлээр багц цагийн сургалтыг тусгаж батлуулах

 

 Хоёрдугаар зорилтын хүрээнд:

 

 

Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулахад холбогдох төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангаж идэвхжүүлэх

 

 

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулж, дадал бий болгох

 

Хүүхдийн шүдийг бэхжүүлэх уламжлалт аргыг сурталчлах

 

Чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортыг хязгаарлаж, шүдэнд ээлтэй хоол, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх.

 

Гуравдугаар зорилтын хүрээнд:

 

Шүдний өвчний оношилгоо, эмчилгээний зааврыг шинэчлэн боловсруулах

 

Аймаг, нийслэл, дүүргийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлгийн амбулаторийн шүдний кабинетын хүчин чадлыг сайжруулах

 

Зорилтот бүлгийн хүүхдийг шүдний урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулах

 

Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:

 

Шүдний өвчлөлийн болон урьдчилан сэргийлэх үзлэгийн анхан шатны бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох

 

Шүд, амны хөндийн эрүүл мэндийн чиглэлд шинэ технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

 

Шүдний өвчлөлийн бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн сантай болох хэмээн тусгасан байна.