Манай 3х3 сагсан бөмбөгчид өнөөдөр тоглоно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 2019 оны "FIBA 3x3 U23 World Cup" тэмцээн БНХАУ-ын Ланжөү хотноо болж байгаа. Манай эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд хэсгийн тоглолтуудаа  өнөөдөр хийнэ. Монголын эрэгтэй баг өнөөдөр 15:20 цагт Голландын багтай эхний тоглолтоо, хоёр дахь тоглолт 16:30 цагт Сербийн багтай өрсөлдөнө. Тэд Нидерланд, Литва, Серби, БНСУ-ын багуудтай D хэсэгт орсон байна. Эрэгтэй багт А. Ананд,  Ч. Ихбаяр, Г. Ган-Эрдэнэ, Б. Алтангэрэл нaр багтжээ.

Харин эмэгтэй баг мөн хоёр тоглолт хийх бөгөөд эхний тоглолт 18:15 цагт Румын улсын шигшээ багийн эсрэг хийж, 19:45 цагт Ираны багтай тоглох юм. Тэд С хэсэгтээ Румын, ХБНГУ, Иран, Уганда гэсэн багуудтай нэг хэсэгт оржээ. Эмэгтэй шигшээ багт О.Хулан, М.Цэрэнлхам, Г.Минжин, Б.Ариунцэцэг багтсан юм. Монгол Улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар С.Тулга, дасгалжуулагчаар С.Төгсжаргал, Г.Ундрах нар ажиллаж байна.