ЕБС-ийн багш нарын 20 хувь нь сүрьеэгийн шинжилгээнд хамрагдаагүй байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн хяналт, шалгалтын хүрээнд мэдээлэл хийлээ.


МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “2019 онд шалгахаар төлөвлөсөн нийт объектын 94.8 хувь, зөвлөн тусгах үйлчилгээнд хамрагдах объектын 83.5 хувийг энэ сарын 25-ны байдлаар хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрууллаа. Тухайлбал, объектуудыг хяналтын хуудсаар үнэлэхэд 15.6 хувь нь их, 41.8 хувь нь дунд, 41.6 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдэл 28 хувиар буурч, хууль сахин мөрдөлт өссөн үзүүлэлттэй гарсан.

Мөн улсын хэмжээнд энэ сарын байдлаар ашигт малтмалын 3287 тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Үүнээс ашигт малтмалын хайгуулын 1586, ашиглалтын 1701 тусгай зөвшөөрөл олгогдсон. Уг шалгалтын хүрээнд 72 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж нийт 1682 зөрчил илрүүлэн газар дээр нь 230 зөрчлийг арилгуулж, 71 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага өгч, 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоон улсын орлогод нийтдээ 452.2 сая төгрөг, 1.3 тэрбум төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийн арга хэмжээг авлаа. Уул уурхайн салбаруудад хийсэн хяналт шалгалтын үеэр илэрсэн нийтлэг зөрчил нь нийгмийн хамгаалал, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр илэрсэн.

Тухайлбал, геологи уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин тогтоон олгосон, НДШ-ийг дутуу төлсөн, НДШ-ийг хуульд заасан хугацаанд нь төлдөггүй,  дотоод хяналтын үйл ажиллагаа төслийн хүрээнд тогтворжоогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлдэг, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг, илүү цагаар ажиллуулдаг атлаа илүү цагийн хөлс боддоггүй болон хөдөлмөрийн болон ил, далд уурхайн аюулгүй ажиллагааг зөрчсөн зэрэг зөрчлүүд гарсан” гэв.

Түүнчлэн МХЕГ-аас 1-5 дугаар ангийн багш нар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг буюу сүрьеэгийн шинжилгээнд хамрагдсан эсэхэд хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг буюу сүрьеэгийн шинжилгээнд 20 гаруй хувь нь хамрагдаагүй байжээ.

Энэ талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Бид дээрх гарсан зөрчлүүдийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад төлөвлөгөөт шалгалт хийсэн. Олон улсын болон Кембриджийн хөтөлбөртэй 11 сургууль шалгалтад хамрагдахаас одоогоор 5 сургуулийг хамруулан шалгаад байна. Шалгалтаар ердийн болон гүйнзгийрүүлсэн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй мөртлөө олон улсын хөтөлбөртэй сургууль мэтээр олон нийтэд мэдээлж, өндөр төлбөртэй сургалт явуулж байсан нь илэрсэн” гэлээ.