Тангараг өргөсөн бол явган "алхана"

Төрийн албаны зөвлөлийн 41 дүгээр хуралдаанаар Зам тээврийн яамны удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг хянан, хэлэлцэж батлах зөвшөөрлийг олгосон билээ.

Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга, Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, стресс үүсгэхгүй байх, төрийн үргүй зардлыг хэмнэхийн тулд төрийн байгууллагуудын суудлын автомашин хэрэглэж байгаа төрийн албан хаагчдыг хотын төв дотор, ойрхон зайд явган явах хөдөлгөөнийг өрнүүлэх хэрэгтэйг зөвлөв.

Энэхүү ажлыг Булган, Хэнтий, Өмнөговь зэрэг аймгуудын төрийн албан хаагчид амжилттай эхлүүлж байгааг мөн энэ үеэр хэлээд нийслэл хотын тодорхой бүсүүд, нэг яамнаас, нөгөө яамны хооронд албан ажлаар төрийн албан хаагчид явган явж сайн жишгийг өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэйг онцлов.

Энэхүү ажилтай холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн дарга, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгох үеэр дараахь тодорхой гурван чиглэлээр үүрэг, даалгаврыг өгсөнийг дахин сануулсан юм. Үүнд:

Нэгдүгээрт нь, Уламжлалт ажлуудаас гадна санал санаачилгаар хийж болох олон ажлууд байгаа тул тэдгээрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд, өвлийн хүйтэн, цаг агаарын хүнд нөхцөлд “Хөшигийн хөндий” дэх шинэ нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой холбоход хурдны замаас гадна хос замууд болох цахилгаан хурдны галт тэрэг зэрэг өөр бусад тээврийн хэрэгслүүдээр очих хувилбаруудыг олох. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг бодлого, зохион байгуулалтын түвшинд анхаарал хандуулах, үе шаттай хэрэгжүүлэх

Хоёрдугаарт, Улирлын нөхцөл байдлаас хамаараад Туул голд аялал жуулчлалын зорилгоор Тэрэлж хүртэл усан замын жижиг оврын завь явуулдаг ажлыг туршиж үзэх хэрэгтэй.

Гуравдугаарт, Иргэд, машин унадаг төрийн албан хаагчид хотын төв дэх түгжрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд явган явдаг байх хэрэгтэй байна. Авто зам, явган хүний зам хоёр нийлсэн тохиолдол зарим гудамж талбайд ажиглагдаж байгаа тул  иргэнд ээлтэй явган хүний замын ажилд онцгойлон анхаарч ажиллах.

Дээрх гурван, чиглэл үүрэг даалгаварыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийг дарга С.Батболд хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар судалж байгаагаа хурлын үеэр мөн онцлон хэлсэн юм.

Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалын тодорхойлолт хянагдаж, батлагдсанаар төрийн албан хаагчдын ажлын чанарт өөрчлөлт гарах ёстой.

Албан тушаалын тодорхойлолт батлагдах нэг хэрэг албан тушаалын тодорхойлолтын хэрэгжилтийг ажил дээр гаргаж, бүтээмж нь иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээ сайжруулах нь энэхүү ажлын үр дүн болохыг онцолсон юм.

Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг өнөөдрөөс илүү сайжруулахад мөн ирээдүйд тухайн албан тушаал дээр хэн томилогдож болох вэ гэдгийг нийтлэгээр тогтоосон эрх зүйн баримт бичгийн нэг хэлбэр бол албан тушаалын тодорхойлолт юм.

Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс бүрэн эрхийнхээ хүрээнд албан тушаалын тодорхойлолтыг үе шаттайгаар батлах зөвшөөрлийг олгох ажлыг хийж байгаа билээ.  Энэ ажлын хүрээнд одоогоор 12 яам, 18 аймагт албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгоод байна.