С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Эрдэнэбат: Шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоогоогүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь буруу
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр "2020 онд УИХ-ын сонгууль болно. Онцгой жил. Өр дарж эхэлнэ. Зөвхөн АН-ын тавьсан өр гэж хэлж болохгүй. 2020-2024 2.9 тэрбум ам.долларын өр төлнө. Та бүхэн санаж байгаа байх. 2012 онд МАН эрх барьж байхдаа бэлнээр мөнгө тараасан. Энэ нь ямар ч үр дүн өгөөгүй ээ. Одоо хөрөнгө оруулалт нэрийдлээр мөнгө тараах нь. Тиймээс Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зөв.
Сонгуулийн хуулиар холимог тогтолцоо байхыг АН санал болгосон. Гэвч унасан. Гэтэл Сонгуулийн хуулийг оруулж ирэхдээ АН-ын нэрийг барьж байна. 50:26 гээд оруулаад ирлээ. 26 мандатад зөвхөн нэг хүнийг сонгох харгис сонголтыг өгч байна. Үнэхээр 26 юм бол 26 хүнийг дугуйлах ёстой. Гэтэл нэг хүнийг оруулж ирж байгаа нь ардчилсан зарчмыг үгүйсгэж байна. Сонгуулийн үеэр гараад байгаа хэрүүл маргааныг яаж сонгох юм. Шүүхээр гэм буруутай нь тогтоогоогүй хүнийг бүрхэг байдлаар оруулж ирэх нь бүрхэг байна. Хоёр дахь нь Зөрчлийн хуулиар маш том өөрчлөлт оруулж байна. Ингэж байгаа нь сонгууль маш том маргаантай болно гэсний дохио.
Зөрчил гэхээсээ шууд эрүүгийн хариуцлага үүрүүлэх ёстой юм, уг нь. Ажлын хэсэг маргааш хуралдана. Энэ үеэр бид зарчмыг асуудлаа тавина. Анхнаасаа илэрхийлж ирсэн байр сууриндаа бат зогсоно" гэв. Улмаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Хоригтой холбоотой асуудлаар асуухад орон нутагтай холбоотой зүйл байна лээ?
-Хууль өөрөө хүчин төгөлдөр болсноос хойш орон нутаг хэлэлцэх ёстой. Хүчин төгөлдөр болоогүй байхад хэлэлцвэл хууль зөрчсөн асуудал болно.
-Сонгуулийн хуулиар оруулж ирж байгаа асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг нь?
-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно гээд хуульд заачихсан. Энэ нь маш ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоогоогүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм.