С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Монгол Улсын 2028 иргэн гадаад улсад мэндэлжээ
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн талаар танилцууллаа.
Монгол Улсын хүн ам 2019 оны жилийн эцэст урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, өмнөх оноос 63.1 мянган хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 24.3, нас баралт 5.2, ердийн цэвэр өсөлт 19.1 байна. Мөн 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.1 пункт, нас баралт 0.2 пунктээр буурчээ.
Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 80251 хүүхэд төрсний 78223 буюу 97.5 хувь нь нь Монгол Улсад, 2028 буюу 2.5 хувь нь гадаадад төрсөн байна. 1000 хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.2-3.5 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-12.9 пунктээр доогуур байна.
Нийт 17195 хүн нас барсны 17123 нь Монгол Улсад, 72 буюу 0.4 хувь нь гадаадад нас барсан байна. 1000 хүнд ногдох нас баралт Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар, Архангай, Баянхонгор, Дундговь, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.1-0.6 пунктээр дээгүүр, харин Баян- Өлгий аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-2.0 пунктээр доогуур байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 онд ажилгүй 87.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 27.2 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 64.0 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2019 онд нийт 33 473 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлснээс 10 878 иргэн нь ажилд зуучлагдан орсон байна.
Түүнчлэн улсын хэмжээнд өмнөх оноос шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.5 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.3 мянган хүнээр буурсан бол ажилд зуучлагдан орсон иргэд 1.6 мянган хүнээр өсжээ. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны эцсээс 6.5 мянган хүнээр буурахад Баян-Өлгий, Завхан, Булган, Дорноговь, Төв, Хэнтий аймгууд 0.6-1.2 мянган хүнээр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 12 дугаар сарын эцэст 37.0 мянга, үүнээс 20.8 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 16.2 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа аж.