Д.Цогтбаатар: Ц.Цэнгэл англи хэлтэй, хэлгүй байх нь чухал биш

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас зарим асуултад хариулт авлаа.


-Короновирустай холбоотой хил хаах асуудал яригдах уу. Гадаад харилцаа талаасаа нөлөөлөх зүйл байгаа ву?

-Гадаад харилцаа талаас сөргөөр нөлөөлөх зүйл байхгүй. Харилцан тохиролцож мэдээлэл солилцох ёстой. Мэдээллийг ил байлгах ёстой. Хил хаана гэдэг бол эдийн засаг, нийгмийн маш их үр дагавартай. Хохирол ихтэй. Ямар ч байсан хил гааль дээрээ арга хэмжээ аваад эхэлчихсэн байгаа. Хэрэв ямар нэгэн халдвар байгаа бол цааш түгээхгүйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Каринтин тогтоох яриа явах ёстой. Эрүүл мэндийн яамнаас дор бүр нь арга хэмжээ явах ёстой. Бидний хувьд Консулын газруудтайгаа ажиллаж байгаа.

-Ц.Цэнгэл сайдын хэлний мэдлэгтэй холбоотой асуудал шүүмжлэл дагуулж байна. Элчин сайд нарын хэлний мэдлэг ямар шалгуур тавьдаг юм бэ. Нэр дэвшигчийн хувьд өмнө нь хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл бий?

-Хэрэгт холбогдсон тухай мэдээлэл надад байхгүй. Тэрийг нь шалгаж, АТГ-аас санал авсан. Элчин сайд гэдэг бол Дипломат төлөөлөгчийн газрыг удирддаг. Олон тохиолдолд төрд өндөр алба хашиж байсан. Төрийн бодлогыг хэрэгжүүлж байсан  хүнийг томилох тохиолдолд олон байдаг. Нэгдүгээрт Болгар хэлтэй хүн байвал байна. Гэвч Болгар хэлтэй Элчин сайдын төвшинд бэлтгэгдсэн хүн байхгүй. НҮБ-ын үндсэн таван хэлтэй хүн байлаа ч Болгарын хувьд гадаад хүн. Тэгэхээр энэ хүн ОХУ-д төгссөн. Оросоор ярьдаг. Тэнд нь мэргэжлийн баг ажиллаж байгаа. Өмнө нь тэнд ажиллаж байсан Элчин сайдуудыг судлаад үзээрэй. Бүгдээрээ англиар ярьдаг байсан уу гэдгийг. Болгар, Унгар, зүүн Европын орнуудад төрийн бодлогыг таниулах чадвартай хүнийг томилж явуулж байсан. Өндөр албан тушаал хашиж байсан хүнийг явуулах нь тухайн оронд үзүүлж байгаа хүндэтгэл.

Ц.Цэнгэл гэдэг хүнийг Болгарт Элчин сайдаар томилоход англи хэлтэй, хэлгүй нь чухал биш. Засгийн газар, УИХ-ын гишүүн байсан хүн. Төрийн бодлогыг явуулж байсан хүн тэнд төрийн алба хаших гэж байна. Их Британи, АНУ, олон улсын байгууллагад франц, англи хэлтэй хүнийг томилохыг илүүд үзнэ. Нэр дэвшүүлсэн Элчин сайдуудыг Ерөнхийлөгчид УИХ-д өргөн барьснаар хэлэлцэж томилох байх.

-Германд саатуулагдсан дипломатчдын тухайд?

-Гадаад яамны зүгээс бүрэн хамтарч ажиллаж байна. Тэнд шүүх үйл явц явж байгаа. Үүнд ямар нэгэн тайлбар хэлэх боломжгүй.