С.Эрдэнэ: Урьдчилан сэргийлэх арга хэмжээ хожуу авч байна

 

УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ.


Зөвлийн дарга Д.Эрдэнэбат "АН-ын зөвлөл хуралдаж гурван асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр, Хоёрдугаарт, тойргийн асуудлаар, Гуравдугаарт, дэлхий дахинд үүсээд байгаа өвчлөлийн талаар хэлэлцлээ. Эхний асуудлаар АН УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Шаардлагад дэд хороод хуулийн хугацаанд асуудлаа шийдэхгүй удаашруулж байна гэсэн шаардлага хүргүүлсэн. Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргасан байна.

Мөн энэ сарын 22-нд Г.Батхүү агсны гэр бүл АН-д захидал илгээсэн. Захидалд шударга ёсыг тогтоох, үнэн зөвийг олох талаар АН ажиллана гэдэгт найдаж байна гэсэн байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн баасан гарагт хуралдсан дэд хороо гишүүн Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг УИХ-ын байнгын хороо болон чуулганаар энэ шийдвэрийг дэмжиж оролцох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаагаа мэдэгдье.

Хоёрдугаарт, УИХ-ын тойрогтой холбоотой асуудлаар ялангуяа нийгэм, эдийн засгийн хүн ам төвлөрсөн нийслэлийн хамгийн том мандатын тоог хасах гэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Хуулийн хүрээнд нутаг дэвсгэр, хүн амын тоог харгалзан тойрог тогтоох асуудлын хүрээнд гурван мандаттай 90 мянга хүрэхгүй аймгуудын мандатын тоог нэг мандаттай аймаг руу шилжүүлэх замаар нийслэлийн мандатын тоог хөндөхгүй байх зайлшгүй шаардлагатай гэж үзэн энэ шаардлагыг хүргүүлсэн. Бидний тавьсан шаардлага холбогдох хуулийн заалтад нийцэж байгаа. Тиймээс үүнийг үндэслэн аймгийн мандатын тоог зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. Чуулан болон байнгын хорооны хуралдаанд энэ байр сууриа хадгална.

Гуравдугаарт, шинэ төрлийн короавирусын халдвартай холбогдуулан нэлээд асуудал үүсч байна. Эрсдэлт орны тоонд Монгол Улс багтсантай холбогдуулан хөрш оронд үүссэн нөхцөл байдалд иргэн болон айл өрхийн хариуцлага, төр засгийн шуурхай ажиллагаа нэн тэргүүнд чухал гэж харж байна. Иргэдийн санаа зовж байгаа асуудалд Засгийн газар болон Эрүүл мэндийн яам холбогдох хууль хяналтын байгууллага онцгой анхаарах ёстой. Мөн хэд хэдэн зүйл байна. Тухайлбал, элдэв хардлагад шуурхай хариу өгөх асуудал ховор байна. Ялангуяа цахим сүлжээгээр гарч байгаа мэдээлэлд албан ёсны үйл ажиллагаа явуулдаг байгууллага өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгөх нь думтаг байна гэх иргэдийн шүүмжлэлийг бид хүлээн авах ёстой. Түүнээс гадна оюутан, сурагчдын хичээлийг зогсоосонтой холбогдуулан нийслэлийн хэт төвлөрлийг саармагжуулах чиглэл рүү онцгой анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, оюутнуудын хичээлийг гуравдугаар сарын 2 хүртэл түр зогсоож байгаа бол зохион байгууллаттай яаралтай нутаг буцаах, оюутны байрыг хааж, ариутгах, шөнийн цэнгээнхий газруудыг хаах нь зүйтэй.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээг төр засаг авах үүрэгтэй. Энэ талаарх арга хэмжээг авч ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ үүнд шаардагдаж байгаа эм хангамж, маск, ариутгалын бодис эмнэлгийн болон эмийн сангуудад дутагдалтай байгааг шуурхай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй. Энэ вирус монгол оронд бий болохгүй гэдэг баталгаа байхгүй учраас хаа хаанаа анхаарах ёстой. Өвчний ерөнхий нөхцөл байдлыг судлаад үзэхэд ахмадууд тусах магадлал өндөр байна гэдэг нь харагдаж байна. Тиймээс тэдэнд анхаарал халамж түлхүү тавих шаардлагатай” гэлээ.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Шинэ төрлийн коронавирусийн эсрэг авч байгаа арга хэмжээ ядмаг байна. Тухайлбал, энэ төрлийн вирусийг илрүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж байхгүй байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ хожуу авч байна. Зарим хөдөлгөөнийг зогсоолоо гээд бусад олноор цугладаг арга хэмжээ, сурталчилгээ ухуулгын арга хэмжээ байхгүй байна” гэдгийг онцолсон юм.