Оюутолгой компанид хүний эрх, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал ярихыг хориглодог гэв

"Oюутолгой” төслийн туслан гүйцэтгэгч “SSM” компаниас халагдсан ажилтнууд болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас мэдээлэл хийлээ.


Тус компанийн үйлдвэрчний хороон дарга “Манай компани орон байрны цэвэрлэгээ, ус түгээлт, засвар үйлчилгээ зэргийг үзүүлдэг. 1200 гаруй ажилчинтай. Эдгээр ажилчдыг цалинжуулж авч явдаг ч маш олон ажилчдыг хохироож байна. Тухайлбал, олон ажилчныг хууль бусаар халж, сэлгээ хийсэн. Одоо ажиллаж байгаа ажилчид дарамт, шахалтад айдастай ажиллаж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг дэмжсэн ажилчдыг баримт нотолгоо хуурамчаар үйлдүүлж, нэр хүндийг нь унагаж, эцсийн мөчид ажлаас нь халдаг. Ийм үйлдэл бүр гаарсан гэж хэлж болно. Энэ талаар орон нутаг болон компанийн удирдлагуудад удаа дараа хандсан ч шийдэж, дорвитой арга хэмжээ ава агүй. Эцэстээ эсрэгээрээ дарамт шахалтад өртөж, олон ажилчид хохирлоо. Ажилчдыг ажлаас нь халахдаа олон жил ажилласан болон энэ хугацаанд ямар үр бүтээлтэй ажилласан зэрэг зүйлийг нь харгалзаж үзээгүй. Оюутолгойн гэрээлэгч компаниуд ажилчдын биш компанийн эрх ашгийг бодож, аливаа асуудлыг шахалт дарамтаар шийдээд сурчихсан учраас нийгэмд ил болгоё гэж зорилоо.

Оюутолгой компанид хүний эрх, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал ярихыг хориглодог. Өөрөөр хэлбэл, олон улсын гэрээ конвенци, Үндсэн хуулийн заалтыг илтээр зөрчдөг. Мөн НҮБ-аас гаргасан хүний эрхийн тунхаг бичгүүд энд хэзээ ч үйлчилдэггүй. Монгол Улс дотор цэнхэр хашаатай давхар улс үүсчихсэн байна. Энэ асуудлыг энгийн ажилчид хэзээ ч шийдэж чадахгүй. Зоригтой дуугарсан нэг нь хохироод үлддэг учраас олон ажилчин амаа бөглүүлж, эрхээ зөрчүүлэн байж дуугүй сууж байна. Энэ бүгдийг гэрч нь бид юм. Хамгийн сүүлд гэхэд ажилчдын зүгээс ажил хаялт суулт зарлахыг дэмжиж гэсэн гарын үсэг цулуулж, удирдлагууддаа өгсөн. Гэвч энэ бичгийг үйлдсэнээрээ ажлаасаа халагдаж байна” гэлээ.

Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх ажилчдын зүгээс “1200 гаруй ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой. Ялангуяа, “Таванбогд” группын Ц.Баатарсайхан захирал удирдах албанд шинээр гурван хүн томилуулсон. Энэ хүмүүс нь ажлаа аваад жил ч болоогүй байж 10 жил ажилласан ажилчдыг хоморголон халж байна. Хэн нь тушаал гаргасан нь мэдэгдэхгүй нэг нэг рүүгээ чихдэг. Ажилчдыг амрах үед нь “Та ийм ийм зөрчил гаргасан. Тиймээс ажлаас халлаа” гэдэг. Эмнэлэгт байгаа хүн рүү залгаж “Таныг халлаа” гэдэг. Очоод тушаалаа авъя гэхээр долоо хоногийн дараа гарна гэдэг юм. Ийм л зохион байгууллаттай үйл ажиллагаа явуулж байна” гэв.